Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж буй Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд мөнгөн медалийн төлөөх барилдаанд Финландын бөх Оллиг 5:0-ийн (I үед 1:0, II үед 4:0) харьцаагаар ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө Азарбейжаны бөх Раткевичтэй барилдана.
Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын аваргын алт, хүрэл медальтай Юлия Раткевич Беларусын бөхийг 11:8-ийн харьцаагаар ялж, финалд шалгарлаа.
ОУХМ С.Цэрэнчимэд эхний тойрогт Дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын бөх Наталя Гольтцыг онооны илт давуугаар (7-0), Японы тамирчин К.Сакагамиг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан бол мөнгөн медалийн төлөөх барилдаанд ийн Финландын бөхийг 5:0-ийн харьцаагаар ялж, финалд шалгарлаа.
Ийнхүү 2013 оны залуучуудын ДАШТ-нд түрүүлж байсан монгол охин хэдхэн цагийн дараа насанд хүрэгчдийн ДЭЛХИЙН АВАРГА-ын төлөө хүч үзэх гэж байна.
Медалийн төлөөх барилдааныг орой 21:00 цагаас ETV-ээр шууд дамжуулна.