-Улсын дээд шүүхийн шийдвэр нэг гэр бүлийг аврах уу, аль эсвэл нураах уу?–
Онцгой байдлын Аврах тусгай ангийн тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч цолтойгоор ажиллаж байсан Н.Очирбат гэх залуу барилгын компанийн хариуцлагагүй байдлаас болж “эрэмдэг” болжээ. Энэ талаар “medee.mn” сайт анхлан мэдээлсэн байна.
Тэрбээр, эрхэлсэн ажилдаа үнэнч, хоёр сайхан хүүхэд, эхнэрийн хамтаар амьдарч байсан ч 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр түүний амьдралд ийм том гайг дуудсан хэрэг юм.
Тухайн өдөр Онцгой байдлын хэдэн ахлагчаа аваад барилга дээр очиж ажилла гэсэн үүргийг ангийн захирагч А.Батмөнх өгсөн бөгөөд онцгой байдлын аврагч гэдэг ийм ажил хийх эрхгүй ч даргын захирамжийн дагуу явжээ.
Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун урд байрлах дөрвөн давхар “Хурилдуур” ХХК-ийн харъяа “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагчаа ахалж ажилласан байна. Гэтэл тухайн барилгынхан тэдэнд аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл, каск малгай огт өгөхгүй байсныг даргадаа хэлж байж хэдэн каск авчээ.
Эрсдэлээ тооцон өндөр давхарт ахлагч нараа гаргахгүй өөрөө ажиллаж байхдаа хажуу талд нь баригдаж байсан “Баганат өргөө” ХХК-ийн барилгын 12 давхараас тулгуур төмөр унаж, түүнийг хүний хагас болгосон нь энэ аж. Сапу төмрийн ирмэгтэй хэсэг түүний дух, нүүрний хэсэгт онож, тархинд нь зоогджээ. Мөн тархи болон нүүр хацрын яс нь нэлэнхүйдээ бяцарсанаас гадна духны яс нь тэр чигтээ үйрсэн байсан аж. Ийн хүний хагас болсон тэрбээр Энэтхэг, Солонгос гээд олон газраар явсан ч эцэст нь зүүн нүд нь хараагүй болж, духны хэсэгт төмөр суулгуулсан ч хөөж хавагнасан хүн харахын аргагүй хүн болж хувирчээ.
Эмчилгээ хийлгэж чадахгүй бол унаж татдаг өвчтэй болох ч эрсдэл байгаа гэнэ. Хамгийн аймаар нь тухайн барилгын компанийн удирдлагууд хохь чинь гэж хэлээд өнөөдрийг хүртэл эмчилгээний зардал өгөөгүй бөгөөд анхан, давж заалдах шатны шүүх хүртэд эдгээр барилгын компанид худалдагдаж н.Очирбатыг буруутай гэж үзжээ. Одоо Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд дээд шүүхийн шийдвэрээс энэ гэр бүлийн амьдрал ихээхэн шалтгаалах юм. Учир нь Н.Очирбатын эхнэр нөхрөө эмчлүүлэх мөнгийг нутгийн ахаасаа түр гуйж хэрэглэсэн ч төлж чадахгүйн улмаас шүүхэд дуудагдаад байгаа аж.
Тиймээс дээд шүүх үнэний талд шийдвэр гаргавал эдгээр хүний үнэргүй барилгын компаний эздээс нэхэмжилсэн эмчилгээний зардлаа гаргуулж эхнэрийнхээ зээлсэн мөнгийг төлж хоёр хүүгээ өнчрүүлэхгүй хэмээн бодож байгаа гэнэ лээ. Улсын дээд шүүхийн шийдвэр нэгэн гэр бүлийг аврах уу, аль эсвэл нуран унах болов уу. Үүнийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn