Энэ намар 400 мянган тонн улаан буудай хураан авна гэсэн баяртай мэдээг тариалангийн талбайгаас хадааж байсан тариаланчид өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаал хийгээд амжив. Учрыг лавлавал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн баасан гаригт импортоор улаан буудай оруулж гурилын хэрэгцээгээ хангана хэмээн мэдэгдсэнтэй холбоотой аж. Хэрвээ энэ мэдэгдэл биеллээ олж импортоор улаан буудай оруулж ирвэл тариаланчдын хураасан 400 мянган тонн улаан буудай үнэ цэнээ алдаж, алдагдал хүлээн дампуурахаас аргагүй гэнэ.
Өнгөрсөн жил буудайн ургац тааруу байснаас импортоор зарим хэрэгцээгээ хангасан. Ийм байдлыг дахин гаргуулахгүйн тулд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам анхаарч, тариаланчид зүтгэснээр буудайн тариалалтыг нэмэгдүүлснээр энэ намар ойрын жилүүдэд аваагүй их буудайг хураан авахаар болсон нь энэ аж. Гэвч Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж өмнөх сайдынхаа бодлогыг үргэжлүүлэхийг хүсээгүй бололтой, импортоор буудай авч гурилын хэрэгцээгээ хангана гэж зүтгэсэн байна. Түүний энэ үйлдлийг тариаланчид “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайханы эрх ашигт нийцүүлж, гаргасан шийдвэр хэмээн бухимдаж байна. Нөгөө талдаа салбарын ажлыг ойлгохгүй байгаатай холбоотой ч гэж тайлбарлалаа. Мөн зах зээлийн өрсөлдөөнд шударгаар өрсөлдөж чадаагүй ганц нэг гурилын үйлдвэрийн захирлын захиалгаар хийж байгаа үйлдэл, энэ нь эргүүлээд тариалангийн салбарыг үгүй хийхэд хүргэж болзошгүй хэмээн үзэж байна.
Тариаланчид өнгөрсөн амралтын өдрүүдэд эхний ээлжинд сануулах хэлбэрийн жагсаалыг Дархан-Уул аймгийн Хонгор суманд зохион байгуулсан. Харин одоо жагсаалаа зогсоожээ. Энэ сарын 17-нд цаг агаар хүйтэрч хөрсөн доор цочир хүйтэрнэ гэсэн учраас түүнээс урьтаж тариагаа хураахаар ажилдаа шамдсан юм байна.
Харин асуудлыг салбарын яам эргэн харж, нааштайгаар шийдвэрлэхгүй бол тэд тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлэхээс аргагүй гэнэ. Ийн шийдвэртэй алхамд хүрсэн нь тариаланчид хавар ажлаа эхлүүлэхдээ арилжааны банкуудаас их хэмжээний зээл авч, тариагаа тарьсан бөгөөд буудайгаа хураан гурилын компаниудад худалдсаны дараа зээлээ төлөх үүрэг хүлээсэн аж. Гэтэл импортоор буудай оруулж ирэхээр түүнд цохигдоно.
Уг нь үндэсний компаниудын тарьсан улаан буудай чанарын хувьд урьд жилүүдийнхтэй харьцуулшгүй сайжирсан. Ийм үед нь салбарын яам нь тариаланчдынхаа ажлыг дэмжих ёстой атал эсрэгээрээ буудайнд өгдөг урамшууллыг ч байхгүй болгоно хэмээн сүрийг үзүүлж эхэлсэн нь тариаланчдын хувьд газар хатуу, тэнгэр хол гэгч нь болж байгаа аж. Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч тариаланчид салбарын сайдыгаа алдаагаа засч залруулна гэдэг итгэлээр хүлээж байна.
Онцлоход, энэ жил нэг тонн улаан буудайн үнийг хэдээр тогтоох вэ гэдэг одоогоор тодорхойгүй аж. Энэ нь буудайн үнийг УИХ-аас тогтоож өгдөгтэй холбоотой гэнэ.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Г.БОЛОР