сарын 3-ны өдөр “Эрэл” сургуулийн хашаанд зодоон болж, хоёр ч хүүхэд
хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ. Энэ өдөр Хувийн сургуулиудын
холбооноос “Эрэл”, “Хобби”, “Шинэ үе”, “Шинэ Монгол”, “Орчлон”
сургуулийн ахлах ангийнхны дунд сагсөн бөмбөгийн тэмцээн зохион
байгуулсан бөгөөд тэмцээнээс болж маргалдан зодолдсон “Эрэл”, “Шинэ үе”
сургуулийн хүүхдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.
Зодооны
үеэр О.Балжинням аваргын хүү нэлээд хүнд бэртсэн юм. Түүний хүү “Шинэ
үе” сургуульд сурдаг аж. Хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар
О.Балжинням аваргатай холбогдож, тодрууллаа.
Аварга О.Балжинням:
-Хүүгийн чинь биеийн байдал ямар байна вэ. Хараа нь эрс муудсан гэсэн?
-Сагсны
тэмцээнээс болж үүсэн асуудал юм билээ. Манай хүү төгсөх ангийн сурагч
байгаа юм. Гэмтэл авсны улмаас хараа нь муудаж, эрүүл мэндэд нь сөрөг
байдал үүсээд байгаа нь үнэн. Шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргийг нь
тогтоолгохоор явж байна. Одоохондоо хичээлд нь явуулахгүй байгаа.
-“Эрэл” сургуулийн хүүхдүүд гэмтсэн юм болов уу. Цагдаагийнхан зодсон хүүхдүүдийг олсон тухай хэлсэн үүы?
-“Эрэл”-ийн
хүүхдүүдээс хэдэн хүүхэд гэмтэл авсныг би мэдэхгүй . “Эрэл” сургуулийн
ахлах ангийн хүүхдүүдээс гадна төгссөн хүүхдүүд нь тэмцээний үед ирсэн
гэсэн. Тэгээд зодолдсон юм билээ.
Дээрх хэрэгт холбогдоод байгаа хүүхдүүдийн сурдаг “Эрэл”, “Шинэ үе” сургуулийн захирлуудтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
“Эрэл” сургуулийн захирал Ц.Алтанцэцэг:
-Танай сургууль дээр хүүхдүүд зодолдож, зарим нэг нь хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-“Орчлон”
сургуулиас санаачлан зохион байгуулсан сагсны тэмцээн энэ сарын 3-нд
болсон юм. Манай сургуулийн хүүхдүүд “Шинэ үе”-ийн багийг хожсон юм
билээ. Товчхондоо бол хүүхдүүд тэмцээнээс болоод маргалдаж зодолдсон.
-Та
тэр үед сургууль дээрээ байсан уу. Хүүхдийн тархи цуурч, харах чадвараа
80 хувь алдатлаа зодуулснаас харахад зүгээр нэг нудралцаад өнгөрсөн
хэрэг биш бололтой. Бага дээр нь зогсоож болоогүй юм уу?
-Манай
биеийн тамирын багш Андрей Васельевич багаа зохион байгуулж тэмцээнд
орсон. Зодсон гээд байгаа хүүхдүүд нь долоо, наймдугаар ангийн хүүхдүүд
юм билээ. Гэмтэл авсан хүүхдүүд нь 11 дүгээр ангийнхан байсан байх.
Хүүхдүүдтэй уулзаж, юу болсныг тодруулахад, “Шинэ үе” сургуулийн багш
манай хүүхдийг тоглолтон дундуур алгадсан гэж хэлж байсан. Гэхдээ энэ
хүүхдүүдийн яриа. Тэмцээн 15-17 цагийн хооронд болсон. Тэмцээн дуусаад
хүүхдүүд тарж би өрөөнөөсөө харж байсан. Гэтэл төд удалгүй бужигналдаад
унасан. Багш нараа гаргаад салгахад ийм хэрэг болсон байсан.
-Танай
сургуулийг төгссөн хүүхдүүд энэ хэрэгт холбогдоод байгаа юм билээ.
Сургуулийн хэмжээнд болж байгаа тэмцээнд төгссөн хүүхдүүд яагаад ирдэг
юм бэ?
-Манай сургуулийг төгссөн хүүхдүүд
сургуульдаа их хайртай, байнга холбоотой байдаг юм. Төгсөгчдийн холбоо
хүртэл байдаг. Хүүхдүүд тэмцээн болохыг яаж мэдсэнийг мэдэхгүй.
-Танай сургуулиас гэмтэж бэртсэн хүүхэд байгаа юу?
-Долдугаар
ангийн Б, Ж, Т гэсэн гурван хүүхдийг анх цохисон юм билээ. Тэр
хүүхдүүдээ аваад би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очсон.
Хүүхдүүд гомдолгүй гээд гарсан. Цагдаагийн ажилтнууд сургуулийн
хашаанаас гадна болсон асуудал гэдгээс гадна танай сургуульд сурч
байсан хүүхэд хүн зодсон учир танд хамаагүй гэж хэлсэн. Гэсэн ч манай
сургуулийг төгссөн хүүхэд байгаа учир би асууж сураглаж л байна.
Сурв:
Тус сургуулийн сурагч Б, Ж, Т нар “Шинэ үе” сургуулийн багш
сургуулиасаа монгол хүн гаргаад ир, зодолдьё гэж хэлсэн. Бас тоглолтон
дундуур сурагч Б-г алгадсан хэмээн мэдүүлж байгаа юм. Тус сургуулийн
хүүхдүүдээс хүнд гэмтэл авсан сурагч байхгүй байна.
“Шинэ үе” сургуулийн захирал, Ардын багш Ү.Маам:
-Танай сургууийн хэдэн хүүхэд гэмтсэн бэ. Одоо хичээлдээ явж байгаа уу?
-Сагсны
тэмцээнээс болсон асуудал. Хувийн сургуулиудын холбооноос таван
сургуулийн дунд сагсны тэмцээн зохион байгуулсан. Гэтэл манай ахлах
ангийнхан баг “Эрэл” сургуулийн багийг хожсон юм билээ. Үүнээс болоод
хүүхдүүд хор шарандаа маргалдсан байна. Манай сургуулийн Э гэдэг
хүүгийн тархи нь цууралттай байгаа, хамаагүй хөдөлж болохгүй гэж эмч
хэлсэн учир хичээлдээ ирэхгүй байгаа. Нэг нь О.Балжинням аваргын хүү.
Манай сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Тэр хүүгийн харах чадварын 80
хувь нь алдагдаж, хамар нь хоёр хугарсан гэсэн. Ер нь сайнгүй байгаа.
Анх энэ тэмцээнийг болно гэхэд нь би хүүхдүүдээ явуулах дургүй байсан.
Би тэр тэмцээн дээр өөрөө байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Манай
биеийн тамирын багш М.Эрдэнэчимэгтэй уулз. Тэр хүн юу болсныг сайн
мэдэж байгаа гэв.
“Шинэ үе” сургуулийн Биеийн
тамирын багш М.Эрдэнэчимэгтэй уулзахад “Тэмцээнийг нэг багш шүүсэн.
Тэр хүн “Эрэл” сургуулийн багш атлаа түүнийгээ хэлэлгүй шүүж, илт
өөрийн сургуулийн багаа дэмжиж байсан. Энэ байдлыг анзаарсан хүүхдүүд
эсэргүүцэн, шүүгчээ сольё гэсэн санал гаргасан. Хэт нэг талыг барьж
шүүгээд байхаар нь сүүлдээ хамт шүүхээр болоход нэг хүүхэд энэ бүдүүн
авгай гүйж чадах уу, чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэр хүүхдийг хүн
доромжиллоо гэж багшид нь хэлсэн. Ер нь их маргаантай байсан учир бид
тэмцээнийг орхиод тарсан. Сургуулийн хашаагаар гартал араас “Эрэл”-ийн
хүүхдүүд дуудаад байсан юм. Хүүхдүүдээ явуулах гэж байтал улаан
машинтай нэг хүүхэд машинаасаа хүрз аваад гараад ирсэн. Би хүүхдүүдээ
зугтаа гээд өөрөө тэр хүүхдийг болиулахыг хичээсэн . Багшийгаа
ганцааранг нь орхихгүй гээд ирсэн хоёр хүүхэд зодуулсан” гэлээ.
Тус
сургуулийн захирлууд өөр өөрсдийн сургуулийн сурагчдыг буруугүй хэмээж
байна. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр жилийн өмнө “Эрэл” сургуулийг
төгссөн хүүхэд энэ хэрэгт шалгагдаж байгаа аж. Сургуулийн ойр орчинд
зодоон болсонтой холбоотойгоор “Эрэл” сургуулийн захирал сагсны секц
хичээллүүлэх, биеийн тамирын уралдаан, тэмцээн зохион байгуулахыг түр
хугацаагаар хориглоод байгаа аж. Хүүхдүүд тэмцээн зохион байгуулж
байгаа багш нар шударга байгаагүй нь зодоон болох үндэс болсон гэдгийг
онцлон хэлж байгаа мэдээлэл байна.
Хувийн
сургуулиудын холбоо сагсны тэмцээн зохион байгуулахдаа хамгийн том
заалтай учир “Эрэл” сургуулийг сонгосон гэж байгаа. Баянзүрх дүүргийн
цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд бэртсэн хүүхдүүдийн
гэмтлийн зэргийн дүгнэлт Шүүх эмнэлгээс ирээгүй байгаа тул одоогоор
эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа ажээ.
Х.Сүрэн