Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авч, таван хүүхдийн биеийн байдал хүндхэн байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, энэ сарын 04-ны 23.00 цагт аймгийн Эрүүл мэндийн газар цэцэрлэгийн насны хүүхдүүд олноор суулгах, халуурах шинж тэмдэгтэйгээр хандаж эхэлсэн юм. Одоогоор биеийн байдал нь хүндэрсэн таван хүүхдийн бие тогтворжиж, хэвийн байгаа юм байна. Хүүхдүүдийг ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг тогтоохоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр цэцэрлэгийн хүүхдүүд багш нараас халдварт өвчин халдсан байх өндөр магадлалтай байгаа ажээ.
Шинжилгээний хариуг мэдээлэхэд,
Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн 40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрч, цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь тогтоогджээ. Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн байна. Иймээс эхний ээлжид ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал өндөр байгааг МХЕГ-аас мэдээлж байна. Хэдийгээр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн бичигтэй байгаа ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй байгаа аж. Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ