Наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-ын нэг болох Америкийн нээлттэй тэмцээн өчигдөр(09.08) өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолтод хэний ч санаанд оромгүй Хорват, Японы теннисчид шалгарсан. Тэмцээнд 14-т эрэмбэлэгдсэн Хорватын Чилич Японы Кей Нишикорийг гурван үеийн турш 6:3, 6:3, 6:3-ийн харьцаагаар хожжээ. Топ теннисчдийг сөхрүүлж, шигшээд шалгарсан тэдний хувьд "Их дуулга"-ын хамгийн оргил амжилтаа үзүүллээ. Тэр дундаа тэмцээнд 10-т эрэмбэлэгдэн тоглосон Ази тивийн тэргүүн теннисчин Кей Нишикори "Их дуулга" тэмцээний шигшээд шалгарсан анхны Япон теннисчин болж байна.
Хорват теннисчний хувьд дөрөвдүгээр тойрогт Францын Симонтой хийсэн тоглолт хамгийн хүнд буюу таван сет үргэлжилжээ. Энэхүү тоглолтод Чилич 5:7, 7:6, 6:4, 3:6, 6:3-ийн харьцаагаар өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн наймд шалгарсан. Улмаар зургаад эрэмбэлэгдсэн Чехийн Томаш Бердыч, Швейцарийн алдарт Рожер Федерер(2), Японы Кей Нишикори нарыг гурван сетэд төвөггүйхэн хожиж, тус тэмцээний аваргаар шалгарлаа.
Тэмцээнд долоон тоглолт хийсэн Кей Нишикори Канадын Милош Ронич(5), энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн"-ий аварга Швейцарийн Стан Вавринка (3) нарын шилдэг теннисчдийг таван сет үргэлжилсэн тоглолтод хожиж, хагас шигшээд шалгарсан. Улмаар тэмцээнийг тэргүүлэн тоглосон Сербийн Новак Жоковичийг 6:4, 1:6, 7:6, 6:3-ийн харьцаагаар хожиж, шигшээд шалгарсан.
Нийт 38 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Марин Чилич 3 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртсэн бол дэд аварга Нишикори 1 сая 450 мянган ам.доллар, чансааны 1200 оноог өөрийн болгожээ.