Засгийн газрын ажилд УИХ дүн тавина

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ажилд УИХ дүн тавина

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг хийлээ.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганы эхэнд өргөн мэдүүлнэ. Сайд нарт сэлгээ хийнэ гэсэн мэдэгдлийг Ерөнхий сайд өчигдөр хийлээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, захиргааны шинэчлэл хийе гэдгийг би жил зургаан сарын өмнө Ерөнхий сайд болоод намын нөхөддөө албан ёсоор тавьж байсан. Яагаад гэвэл, улсын төсвийн зарлагын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлдэг. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн бол үнэхээр том үрэлгэн байгаа. Хүн амын тоотойгоо харьцуулахад, гуравхан сая хүнд 150 мянган төрийн албан хаагч үйлчилнэ гэдэг хэтэрсэн тоо. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт хийнэ гэж мэдэгдсэн нь асуудлыг ойлгожээ гэж би дүгнэж, бас сайшааж хүлээж авч байгаа.

-Гэхдээ зарим нэг сайдыг сэлгэснээр чанарын өөрчлөлт гарах уу?

-Энэ олон 18 яам, сайдтай бүтцийг нэгтгэх хэрэгтэй.  Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засгийн бодлого бол маш муу явж байгаа гэдэг нь статистик мэдээллээр харагдаж байгаа. Инфляци маш өндөр байна, өргөн хэрэглээний бараа таваарын үнэ нэмэгдлээ, иргэдийн амьдрал дордлоо. Олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Энийг нуугаад байх юм үгүй. Зарим нэг нөхдүүд намаа шүүмжилж байна гэж хэлдэг, би бодит үнэнийг л хэлсэн. Бодит үнэнд дүгнэлт хийж, ажил, амьдралаа зохицуулдаг. Бодит байдал ийм л байгаа. Ийм байдалд хүрэхэд, Шинэчлэлийн Засгийн газраас болсон, нөлөөлсөн зүйл байгаа, мөн өмнөх Засгийн газрын алдаатай бодлого ч байгаа, гадаад дотоод өөр хүчин зүйлүүд ч нөлөөлсөн. Одоо үүнийг яаж засах вэ, яаж амьдралаа өөрчлөх вэ гэдэг юмыг бид илэн далангүй нээлттэй ярих ёстой. Ялангуяа эдийн засгийн бодлогыг хариуцаж байгаа тэр нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой.

-Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаар хоёр жил болж байгаа ч 20 жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалттай тэнцэхүйц ажлыг хийлээ. Хүндрэл бас байна гэж хэлсэн. Үүнтэй та санал нийлэх үү?  

-Засгийн газрын ажилд УИХ дүнгээ тавина. Түүнээс Засгийн газрын үйл ажиллагаанд Ерөнхий сайд дүн тавихгүй. Ямар ч Засгийн газар өөрийн хийсэн ажлаа мундаг байлаа, өмнөх Засгийн газрынхаас илүү байлаа гэж хэлдэг. Энэ бол уламжлал болсон зүйл. Тэгэхээр УИХ намрын чуулганаараа энэ Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид яаж ажиллах вэ гэдэг дээр чиглэл өгөх цаг нь болсон гэж харж байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж