Toyota 270 000 машинаа эргүүлэн татна | News.MN

Toyota 270 000 машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Toyota 270 000 машинаа эргүүлэн татна

“Toyota Motor Corp” компани дэлхий даяар зарагдсан 270,000 “Lexus” загварын машинаа моторын согогийг нь засахын тулд эргүүлэн татах гэж байгаагаа өнөөдөр зарлалаа. Моторны чухал эд ангийн согогоос болж, автомашин хурдтай явж байх үед моторыг зогсоох магадлалтай байгаа талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Хидеаки Хомма хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна.

Автомашинуудын моторын эд ангийг үйлдвэрлэхэд стандартын бус байдлаар бохирдсон материал ашигласнаас гэмтэл үүссэн байна гэж “Lexus” компанийн ерөнхий менежер Марк Темплин ярьжээ. Одоогийн байдлаар тус компани согогтой мотортой холбоотой 200 орчим гомдол хүсэлт Японд хүлээж аваад байна. Харин хилийн чанадад согогтой мотортой холбоотой ямар нэг осол гараагүй гэж ярьж байна. Зарим жолооч нар моторноос сонин дуу гарч байна гэж “Toyota” компанид мэдэгдсэн байна. Даваа гаригаас эхлэн эргүүлэн татаж засвар хийж эхлэх автомашинуудад долоон загварын тансаг ангилалын “Lexus” багтаж байгаа бөгөөд мөн “Crown” загвар багтаж байгаа юм байна. Нийт эргүүлэн татах 270,000 автомашины 90,000 нь Японд, 180,000 нь АНУ-д зарагдсан байна. Манай улсын иргэд Японоос нэлээд тооны машин импортолж оруулж ирж унадаг тул тэр дунд моторын согогтой автомашин байхыг үгүйсгэх аргагүй юм.

Өнгөрсөн оны 10 сараас хойш тус компани дэлхий даяар 8.5 сая автомашинаа эргүүлэн татаж засвар хийсэн бөгөөд автомашиныхаа согог гэмтлүүдийн талаар цагт нь мэдээлээгүйн төлөө АНУ-ын засаг захиргаанд 16.4 сая ам.долларын торгууль төлсөн. 270,000 автомашинаа эргүүлэн татаж засвар хийхэд тус компани 20 тэрбум иен буюу 227 сая ам.доллар зарцуулж магадгүй гэж Японы өдөр тутмын Асахи сонинд бичсэн байна. АНУ-ын Үндэсний агаар мандал, сансар судлалын захиргааны (NASA) эрдэмтэд “Toyota” компанийн зарим загварын автомашинууд зарим үед гэнэт хурд авч давхиж байгаа шалтгааныг тодорхойлохоор шинжилгээ туршилтын ажил хийж байгаа бөгөөд судалгааны дүн наймдугаар сард гарна гэж үзэж байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж