“Монголын нүүрсний салбарын хөгжилд &#34Пийбоди&#34 компани хувь нэмрээ оруулна”

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

“Монголын нүүрсний салбарын хөгжилд &#34Пийбоди&#34 компани хувь нэмрээ оруулна”

Пийбоди Энержи компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиедтай ярилцлаа.

Булган аймгийн Сайхан сумын Эрээний нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг Пийбоди Энержи компани амжилттай хийж гүйцэтгэсэн тухай сүүлийн үед мэдээлэх боллоо. Энэхүү төслийн хэрэгжилтийн гол үр дүнг Та дүгнэж хэлэхгүй юу?

Энэ нөхөн сэргээлтийн төслийн гол үр дүн нь манай компани өөрийн олон жилийн туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга ажиллагаагаараа Монгол улсад анх удаа нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж, тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үйлс бүтээсэнд орших юм. Ингэснээр Пийбоди дэлхийн бусад орнууд дахь өөрийн үйл ажиллагаандаа хариуцлагатай уурхай, тогтвортой хөгжлийн зарчмаа хэрхэн хэрэгжүүлдгийг бодитоор харуулах боломжийг бидэнд олгосон. Манай компанийн эрхэм зорилгод “Бид уурхайн ашиглалт дуусаж хаагдсаны дараагаар тухайн газар нутгийг анх байсан болон түүнээс илүү нөхцөлд буцаан оруулна” гэж тусгагдсан байдаг бөгөөд бид уурхайн олборлолт явуулсан газрыг ирээдүй хойчдоо үр ашгаа удаан хугацаанд өгөхүйцэээр нөхөн сэргээхийг эрмэлзэж ажилладаг. Эрээний уурхайн нөхөн сэргээсэн 18 га газар эдүгээ төрөл бүрийн амьтан, шувуу нутагшин олон төрлийн ургамал ургаж байгалийн унаган төрхөөрөө мэт болсноос гадна энд нутгийн ард олонд зориулан гаргасан гүний худагнаас хүн мал ундаалж, орон нутаг өөрийн хэрэгцээндээ зориулж жилд 20 тонн хадлан хурааж авах боломж бүрдсэн. Энэ нь байгалийн унаган газраас даруй 4 дахин илүү ургац өгөх үржил шимтэй газар болсныг харуулж байгаа юм.

Эрээний уурхайн нөхөн сэргээлт нь байгаль орчны шагналууд хүртсэн гэж сонссон.Энэ талаар?

Тиймээ. Манай энэхүү төсөл нь 2011 онд Монгол улсын “Шилдэг Эко Уурхай” гэсэн шагнал хүртсэн. Мөн 2011 онд Олон улсын Эрчим хүчний байгууллагаас зохиогддог арга хэмжээнээс уул уурхайн салбар дахь “Олон улсын Байгаль орчны Шилдэг Төсөл” гэсэн шагнал хүртсэн.

Пийбоди Энержи яагаад дэлхийн хувийн хэвшлийн хамгийн том компани гэж хэлэгддэг талаар Та тодруулж тайлбарлахгүй юу?

Пийбоди Энержи нь АНУ болон Австрали дахь нийт 8,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй 28 ил болон далд уурхайг ажиллуулан жилдээ 230 сая тонн нүүрс олборлон 250 сая тонн нүүрсийг дэлхийн 25 улсад нийлүүлдэг юм. Ингэснээрээ Пийбоди нь төрийн хэвшлийн нүүрсний компаниудыг оруулж тооцвол дэлхийд эхний 5-д орох, харин хувийн хөрөнгө оруулалттай компаниуд дундаа дэлхийд хамгийн томд орох хэмжээний нүүрсний олборлолт борлуулалтын үйл ажиллагааг явуулдаг. Манай компани АНУ, Австрали, БНХАУ, Герман, Их Британи, Индонез, Энэтхэг, Сингапур, Монгол улсад өөрийн бизнесийн болон худалдааны салбар нэгжүүдтэй. Дэлхийд хамгийн томд орох жилдээ 110 сая тонн хүхэрлэг багатай, өндөр чанарын хүрэн нүүрс олборлодог АНУ-ын Вайоминг муж дахь Норт Антелоп Рошелийн уурхайг Пийбоди ажиллуулдаг.

Пийбоди үйл ажиллагаандаа ямар гол зарчмуудыг баримтлан ажилладаг вэ?

1883 онд АНУ-ын Чикаго хотод анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Пийбоди нь нүүрсний салбарт дагнан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ өөрийн шилдэг стандарт, туршлагаараа салбартаа тэргүүлэгч компани болсон. Пийбодигийн баримталдаг гол зарчим бол аюулгүй, үр ашигтай, технологид суурилсан, бага өртөгтэй нүүрсний уурхайг хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлч байдлаар хөгжүүлэн ажиллуулж, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг шинэлэг шийдлээр найдвартай нийлүүлэхийг анхаарч ажилладаг.

Пийбодигийн бусад компаниас ялгарах гол давуу чанар юу вэ?

Манай компанид бусдаас ялгарах хэд хэдэн гол давуу чанар бий гэж боддог. Тухайлбал, дэлхийн хэмжээний томоохон ил уурхай ажиллуулдаг туршлага, байгаль орчны хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга туршлага, аюулгүй ажиллагаа тасралтгүй сайжруулалтын удирдлага мөн компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэлтзэрэг. Түүнчлэн, уурхайн инженерчлэл, төлөвлөлт, сургалт, удирдлагын салбартаа тэргүүлэх шилдэг арга ажиллагаа, гүйцэтгэл, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмаараа дэлхийд үнэлэгдэх томоохон компани болсон үндэстэн дамнасан корпорацийн удирдлагын тогтолцоо, арга барил, компанийн засаглалын түвшин зэргийг дурдаж болох юм.Бид энэхүү давуу чанараа бусадтай хуваалцаж, уурхайн үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлснээр аюулгүй ажиллагааны түвшин сайжрах, нөөцийн ашиглалт нэмэгдэх, үйл ажиллагааны арга ажиллагаа илүү үр дүнтэй, оновчтой болох, уурхайн үйл ажиллагаанд шинэлэг технологи нэвтрэх, байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг багасгах үйл ажиллагаанд ахиц гарах, улс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулах бололцоо бүрдэх ач холбогдолтой юм.АНУ-ын компани байх нь бидэнд салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт мэдлэг, сургалтын хөтөлбөрийг боловсруулан ашиглах, улмаар салбартаа мэргэжил, ур чадвараараа олон улсын түвшинд бэлтгэгдсэн шилдэг ажиллах хүчинг бүрдүүлэх боломжийг олгож байгаа юм.

Пийбоди аюулгүй ажиллагааг хэрхэн гол үнэт зүйлээ болгосон бэ?

Пийбодид аюулгүй ажиллагааны зарчим нь бизнесийн бүхий л салбар нэгжид мөрдөгддөг гол чухал үнэт зүйлс болсон. Бидний зорилт бол ямар нэгэн осол эндэгдэлгүй аюулгүй орчинд ажиллах явдал юм. 2013 онд Пийбодигийн 200,000 хүн цагт ногдох аливаа ослын үзүүлэлт 1.87 байсан нь нүүрсний салбарын дундаж үзүүлэлтээс нэн доогуур төдийгүй худалдаа, боловсролын салбарын үзүүлэлтээс бага, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээний салбарын дундаж үзүүлэлттэй ойролцоо байсан юм. Энэ нь Пийбодигийн аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах болон компанийн удирдлагын талаар дэлхийд үнэлэгддэг болохыг батлах нэг жишээ бөгөөд энэ чиглэлээр олон улсад шагнал, өргөмжлөлийг олонтоо хүртэж байсан. Тухайлбал, 2013 онд Пийбоди нь аюулгүй ажиллагааны 4 шагнал, уурхайн аврах ажиллагааны олон өргөмжлөл хүртэж, нөхөн сэргээлтийн 2 мэргэжилтэн АНУ-ын үндэсний шагналыг хүртсэн. Түүнчлэн, компанийн гүйцэтгэх удирдлага, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.

Нүүрсний зах зээл болон нүүрсний хэрэглээний цаашдын хандлагын талаар Та ямар бодолтой байна вэ?

Хэдийгээр нүүрсний зах зээл одоогоор нүүрс нийлүүлэгчдэд төдийлөн тааламжтай бус байгаа хэдий ч ирэх жилүүдэд зах зээлийн байдал сэргэж, дэлхийн нүүрсний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэн 2035 он гэхэд одоогоос 60% өсөх төлөвтэй байгаа. Дэлхийн нүүрсний хэрэглээний өсөлтийн 80%-ийг БНХАУ, Энэтхэгийн зах зээл бий болгох бөгөөд энэ нь дээрх орнууд дахь хотжилтийн түвшин нэмэгдэхээс шалтгаалсан гангийн болон эрчим хүчний хэрэглээний өсөлттэй холбоотой юм. Нүүрс нь газрын тос, байгалийн хий, ус болон бусад эх үүсвэртэй харьцуулахад эрчим хүчний гол эх үүсвэр байсаар байх болно.

Та цэвэр нүүрсний талаарх ойлголтыг дэлгэрүүлж хэлэхгүй юу?

Цэвэр нүүрсний технологи нь ерөнхий утгаараа нүүрсийг гүн боловсруулах тухайлбал нүүрс хийжүүлэх, нүүрс шингэрүүлэх болон цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн хийг хадгалах, ашиглах технологи юм. Байгаль орчныг хамгаалах хэрэгцээтэй уялдуулан нүүрсний салбар дахь бизнесийн урт хугацааны зорилтоо хангахын тулд манай компани сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан станц, нүүрс хийжүүлэх болон шингэрүүлэх үйлдвэр барих төслүүдийг дэмжиж хамтран ажиллаж байна.

Энэхүү цэвэр нүүрсний тухай ойлголт нь “Амьдралын төлөөх дэвшилтэт эрчим хүч” гэсэн Пийбодигийн энэ жил санаачлан хэрэгжүүлж буй олон улсыг хамарсан төслийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачлага нь эрчим хүчний ядуурлыг арилгах, нүүрснээс гарган авдаг хямд өртөгт эрчим хүчний хүртээмжийг сайжруулах, цэвэр нүүрсний технологийн тусламжтайгаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад олон нийт, оролцогч талуудын мэдлэг, ойлголт, дэмжлэгийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Танай компанийн Монгол улс дахь үйл ажиллагааны гол зорилго юу вэ?

Нүүрсний салбарт 131 жилийн турш ажилласан туршлагадаа үндэслэн Монгол улсын нүүрсний салбарыг орчин үеийн, үр ашигт чиглэсэн салбар болгон хөгжүүлж Монгол улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах нь Пийбодигийн гол зорилго юм. Энэ зорилгын үүднээс бид Монгол улсын төр засгийн байгууллага, хувийн хэвшилтэй одоо хэрэгжиж буй болон хэрэгжих боломжтой нүүрсний төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх, өөрийн туршлагаа нэвтрүүлэх, урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээрийг хийж байна. АНУ-ын Засгийн газрын зүгээс бүрэн дэмжиж буй Пийбодигийн Монгол улсад хийх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь Монгол болон АНУ хоорондын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурийг тавих бөгөөд цаашдаа АНУ-ын олон компани Монгол улсад орж ирж, хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээх юм. Ингэснээр Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин зүйл болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж