Буудлагын ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Буудлагын ДАШТ эхэллээ

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн өнөөдөр Испани улсын Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн тус тэмцээнд 100 орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргээ сорих бөгөөд 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх олгоно.

Монгол улсын шигшээ багийн ахлагчаар Монголын буудлага спортын холбооны хүндэт ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа нар, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллаж байна.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 12 буудагч насанд хүрэгчдийн 10-н дасгалд, спортын мастер Б.Буянбаатар ахлагчтай гурван тамирчин гар буучин залуучуудын дөрвөн дасгалд өрсөлдөнө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болох бөгөөд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин О.Гүндэгмааг нэр дэвшүүлжээ. Энэтхэг, Итали, Герман, БНСУ, Серб, Монгол зэрэг 13 орны тамирчид нэр дэвшсэн бөгөөд энэхүү сонгуулийн дүн энэ сарын 19-нд гарах юм.

Өнөөдөр хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар буудна. Үндсэн буудлага 09.00 цагт Финалын буудлага 13.30 цагт болно. Гранада хот 6 цагийн зөрүүтэй тул Улаанбаатарын цагаар 15 цагт тэмцээн эхэлнэ.

Тэмцээний албан ёсны сайт: www.issf-sports.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж