Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг (2014-2016 онд) дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа.
Тогтоолд Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Жижиг, дунд үйлдвэрийн асуудалтай холбоотой зорилтуудыг тусгасан юм.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн талаарх асуудал нь аль ч улс орны хувьд хөгжлийн ямар ч шатанд авч үзэх, шийдвэрлэх шаардлагатай гол асуудлын нэг байдаг.
Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийг боловсруулахдаа 2012 оны Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын 51 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 154 дүгээр тогтоолоор баталсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, хөгжүүлэх талаар тусгасан зорилтуудтай уялдуулан боловсруулжээ. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж буй олон улсын туршлага, өөрийн орны онцлог, давуу тал, сул тал, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, түүхий эд, хүний нөөцийн боломж зэргийг харгалзан боловсруулсан байна.
Засгийн газраас 1999, 2005 онд баталж, хэрэгжүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнд 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдан эрх зүйн таатай орчин бүрдэж, санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэр нэмэгдэн, өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчдийн дунд албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол, үүсгэл санаачлага идэвхжсэн.
2013 оны эцсээр бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгжээс 54929 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 81,7% буюу 44854 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Тус салбарт 766910 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөрийн зах зээл дахь ажиллагсадын 69,6 хувийг эзэлж байгаа аж.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд бизнесээ эхлүүлэх, санхүү, татвар болон үйл ажиллагааны стандарттай холбоотой хууль эрх зүйн таатай орчин бий болгох нь аж ахуйн нэгжийн тогтвортой өсөлтийг дэмжиж, өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.
Кластерийн хөгжлөөр дэлхийн олон оронд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл гэж үзэж байна. Монгол Улсад кластерыг хөгжүүлэх нь олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг эрчимжүүлэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал нөхцөлийн нэг юм.
Судалгаа боловсруулалт (R&D), инноваци болон оюуны өмчийн хэлбэрүүдийг арилжааны болгон ашиглах нь эдийн засгийн тогтвортой өсөлт болон өрсөлдөх чадварын гол үзүүлэлтүүд болж байдаг.
Иймээс “төр – шинжлэх ухаан – бизнес (үйлдвэрлэл)”-ыг хамруулсан шинэ мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүхий инновацийн тогтолцоог дэмжих улмаар нэмүү өртөг шингэхүйц шинэ технологи, мэдлэгийг жижиг дунд үйлдвэрийн салбарт бий болгон хамтарсан судалгаа, үйлдвэрлэл, өргөн хүрээний хамтын зах зээлийг үүсгэн ажиллах шаардлагатай байна.
Жижиг, дунд үйлдвэрийн менежер, ажилтнуудын чадамж, ур чадварыг хөгжүүлэх нь тухайн аж ахуйн нэгжийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай байхад чухал нөлөө үзүүлдэг.
Санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь энэ салбарт учирч буй томоохон асуудал бөгөөд санхүүгийн түрээс, факторинг, хувьцаагаар хөрөнгө оруулах зэрэг санхүүжилтийн бусад арга, хэрэгсэлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа
Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг суурь нь, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хэмээн үздэг.
Тэгвэл Засгийн газрын 2014 оны 08 сарын 28-ны 279 дүгээр тогтоолоор “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг мөн баталлаа. Монгол Улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын ажил эрхлэлт, өрхийн орлогын эх үүсвэр болж ирсэн ахуйн үйлчилгээний салбар зах зээлийн шилжилтээс хойш ихээхэн цалгардсан. Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн үр дүнд хөдөө орон нутгийн иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч, иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон давуу тал бий болгох юм.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүд байгуулах, иргэдэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн санал санаачлага дээр үндэслэн хэрэгжих юм.
Орон нутагт ахуйн үйлчилгээ эрхлэгчид зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөгүйгээс үйлчилгээгээ өргөжүүлэх бололцоо хомс. Энэ байдлаас шалтгаалан ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн 90 шахам хувь нь түрээсийн болон стандарт, шаардлага хангахгүй байранд ажиллаж, ажилтнуудаа нийгмийн халамж, даатгалд хамруулах сонирхолгүй хэвээр байна.
2013 онд ахуйн үйлчилгээний салбарт албан байдлаар 219 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан статистик мэдээ байдаг. Гэтэл ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодын зүгээс тус салбарт 7700 гаруй аж ахуйн нэгжид 60 гаруй мянган хүн ажиллаж, жилд 60 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгааг судлан тогтоожээ. Бүртгэлийн статистик дүн, албан бус мэдээ хэт зөрүүтэй байгаа нь энэ салбарын үйл ажиллагааны ихэнх хувийг албан бус хөдөлмөр эрхлэлт эзэлсэнтэй холбоотой юм байна.
Г.БОЛОР