“Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсангүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

“Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсангүй гэв

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Засгийн газар УИХ-аар 34 дүгээр тогтоолыг батлуулж, нийт 70 чиглэлийн ажил гүйцэтгэхээр даалгавар авсан ч 36 ажлыг огт хийгээгүй, үлдсэн 34 ажлын зарим нь хагас дутуу биелэлттэйгээр “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 100 хоногийн хугацааг дуусгалаа гэж УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 34 дүгээр тогтоолыг УИХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталсан юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийг санаачлан 100 хоногийн хугацаанд эдийн засгийг идэвхижүүлэхээр болсон. Харин 100 хоногийн хугацаа дуусч, ажил дүгнэх үед эдийн засгийн үзүүлэлт сайжраагүй унасан гэж тус бүлэг үзжээ. Тухайлбал, “Эзэн-100” хөтөлбөр эхлэн хэрэгжих үед “Атар” талхны үнэ 850 төгрөг байсан бол 1150 төгрөг болж үнэ 35.3 хувиар, “Алтан тариа”-н нэгдүгээр зэргийн гурилын үнэ 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч үнэ 47.5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20.5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60.3 хувиар тус тус өссөн гэнэ.

Мөн бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийж, 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа нь авсан зээлийнхээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа байсны нотолгоо гэж үзэж байгаагаа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хэллээ.

Банк санхүүгийн салбарт мөн эрсдэл үүссэн байна. Тухайлбал, энэ оны долдугаар сарын эцэст банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөг болж өссөн. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 96.7 хувь буюу 294 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 6.4 дахин их буюу 465 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм байна.

Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.15 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг давсан байгаа нь банкны систем дэх эрсдлийг нэмэгдүүлж байна гэлээ.

Түүнчлэн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойшхи хугацаанд 2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон бол ажилгүй иргэдийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 14.1 хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны тайланд туссан байгааг МАН-ын дарга онцоллоо. Мөн тэрээр нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ийн хүндэрсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ хариуцлагатай байж, Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг тавих ёстой гэлээ.  Энэ талаар өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт албан ёсоор хандана.

Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарласны дараахан олонхийн бүлгийн дарга хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцох болно” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Ардчилсан нам энэхүү байр сууринаасаа ухрахгүйгээр хариуцлагын асуудлыг дотооддоо тавих ёстой. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг тавих юм байна.

Энэхүү хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж