24 настай Кей Нишикори "Их дуулга" тэмцээний финалд шалгарсан анхны Япон теннисчин болжээ.
Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга”-ын төгсгөлийнх нь болох “Америкийн нээлттэй тэмцээн” Нью-Йорк хотноо өндөрлөхөд хоёр хоног үлдээд байна. 134 дэх удаагийн “US OPEN” тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээд Азийн тэргүүн теннисчин, Японы Кей Нишикори шалгараад байна. Тэмцээнд 10-т эрэмбэлдэн тоглож буй Нишикори бямба гаригт болсон тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин, тус тэмцээний 2011 оны аварга, сүүлийн хоёр жилийн дэд аварга Сербийн Новак Жоковичийг хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Нишикори хоёр цаг 52 минут үргэлжилсэн тоглолтод нэрт теннисчнийг хожсон юм. Тэрээр шөвгийн наймд тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Швейцарийн Стан Вавринкаг хожжээ.
Нишикори аваргын төлөө мөн энэхүү тэмцээнд олон шилдгүүдийг хожиж дуулиан тариад байгаа Хорватын теннисчин Марин Чиличтэй тоглох юм.
“Их дуулга” тэмцээний финалд шалгарсан анхны Япон теннисчнээр шалгараад байгаа Кей Нишикори энэ жил 24 настай. Тэрээр “US OPEN”-ий аваргаар шалгарвал 3 сая ам.долларын шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртэх юм. Одоогоор тэрээр шигшээд шалгарснаар 1 сая 450 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртээд байна.
Хорватын Марин Чилич, Японы Кей Нишикори нарын тоглолт даваа гаригт болох юм.
Ч.ШАРХҮҮ