ШУТИС-ийнхан нано даавууны үйлдвэр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.07-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийнхан нано даавууны үйлдвэр байгуулжээ

 

ШУТИС-ийн удирдлагууд өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа. Тус сургууль энэ хичээлийн жилээс нэг кредитийн төлбөрөө 42900 төгрөгөөр тогтоосон байна. Оюутан жилд 30 кредит судална гэж үзвэл жилийн сургалтын төлбөр 1.5 сая төгрөг болж байгаа гэлээ. ШУТИС 18 бүрэлдэхүүн сургуулиа цөөлж найм болгосон. Ингэснээр сургалтын чанар сайжрахаас гадна мэргэжлийн давхардал арилна гэж үзэж буйгаа тайлбарлалаа. Проектор Т.Намнан “Сургалт судалгаанд суурилсан сургууль болохоор зорьж  байгаа. Цаашид бүтэц зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож олон улсын жишигт нийцүүлнэ. Энэ хичээлийн жилд оюутны тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж дотуур байрныхаа орнуудыг шинэчилсэн. Мөн оюутны зоогийн газрыг дэлхийн жишигт хүргэж өөрчиллөө. Манай сургуулийнхан “Эрдэнэт хивс” үйлдвэртэй  хамтраад нано даавууны үйлдвэр байгуулсан. Удахгүй ашиглалтад оруулна. Туршилтаар 1000 метр давуу үйлдвэрлэж үзлээ. Маш чанартай даавуу болсон. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 180 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа. Одоогоор манай сургууль 1140 профессор, багштай. 31163 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Улсын төсвийн 2.5 тэрбум болон өөрийн төсвөөс 4.6 тэрбум төгрөг зарцуулж 50 гаруй ажил хийсэн” гэдгээ тайлагналаа. ШУТИС-ийн Тээвэр, инженерийн сургуулийн оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн цахилгаан машинаараа олон улсын уралдаанд тавдугаар байр эзэлснийг дуулгасан юм. Энэхүү уулзалтын үеэр тус сургуулийн багш оюутнууд бүтээлүүдээ дэлгэж танилцууллаа.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж