Өнгөрсөн хаврын үр шимээ үзээгүй тариаланчид өнөө жил талбайд гарах уу? | News.MN

Өнгөрсөн хаврын үр шимээ үзээгүй тариаланчид өнөө жил талбайд гарах уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн хаврын үр шимээ үзээгүй тариаланчид өнөө жил талбайд гарах уу?

 Хавар
иржээ. Хэдийгээр гадаа агаарын температур хасах хэмтэй хэвээр байгаа ч
хаврын уур амьсгал мэдрэгдэж эхэллээ. Үхэр жилийн өвлийн сар  мал,
малчдад цаашлаад монголчууд бидэнд хатуухан хандаж гурван сая гаруй
толгой малыг маань булаан одов. Хавар ч хатуухан байх төлөвтэй. Энэ
хавар тариаланчдад ч таатай байхгүй нь бололтой. Атрын аян өнгөрсөн
жил  сүр дуулиантай эхэлсэн ч төгсгөл нь харин үр дүнтэй байж
чадсангүй. Атрын аяныг өлгийдсөн  Ерөнхий сайд С.Баяр  аянаа хэрхэн
“торних”-ыг хүлээлгүй халуун зунаар саалиа хаяад төрхөмдөө буцдаг
эхнэрийн үлгэрийг давтаж орхив. Тариаланчид өнгөрсөн жилийнхээ улаан
буудайн үнийг өнөө хэр авч чадахгүй, буруутанг  хайгаад ч олохгүй
цөхрөлийн байдалтайгаар нэгэн хаврыг угтаж байна. Хавар ирнэ гэдэг
тариаланчдын хувьд ажил хөдөлмөр ундрахын дохио төдийгүй  цалин мөнгө
авна, амьдрал ахуй дээшилнэ гэдэгтэй агаар нэгэн сонсогддог. Гэтэл энэ
хавар тариаланчдын царай баяраар бус гуниг, гомдлоор дүүрэн байна.
Улаанбуудайнх нь үнийг өгөхгүй удаашруулаад байгаагаас өнгөрсөн
нэгдүгээр сард тариаланчид  жагсаал цуглаан хийж, туг лоозон барин Хүнс
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг тойрон бүчсэн. “Цагаан сарын
үеэр яг өгнө” гэсэн үгээр тариаланчдын  сүр хүчийг бууруулж чадсан тус
яамныханд цагаан сар аль хэдийнэ өнгөрснийг сануулан тариаланчдын
өмнөөс буудайнх нь мөнгийг нэхэж үзлээ. Яамны томчууд нь ямар нэгэн
тайлбар хэлэхээс зайлсхийж “Тариалан эрхлэлтийн сан” руу сурвалжлагч
нарыг чулуу хөөлгөж амжив. Тус сангийн удирдлагууд ч дэд сайдтайгаа
зөвлөлдөөд завгүй байсан тул сангийн ерөнхий нягтлан бодогч
Г.Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөө
орон нутгаас олон зуун тариаланчид улаанбуудайн мөнгөө авч чадахгүй
байна хэмээн гомдоллож байна. Тариаланчдад мөнгийг нь яагаад өгөхгүй
байна вэ?

-Улаанбуудайн мөнгөө огт аваагүй аж ахуйн
нэгж одоогоор байхгүй. Бүх аж ахуйн нэгжид нийт улаанбуудайнх нь үнийн
дүнгийн 65 хувийг өгөөд байна. Үлдсэн 35 хувийг нь өгч хараахан
амжаагүй байна.

-Зарим аймгийн тариаланчид 65
хувьд хүрэх хэмжээний мөнгө аваагүй юм биш үү. Цагаан сарын өмнө
тариаланчдын мөнгийг өгч дуусгана гэж байсан. Яагаад удаашраад,
хойшлуулаад байгаа юм бол?

-Заримд нь 20-30 хувийг
өгөөд, заримд нь  65 хувийг өгнө гэж байхгүй. Бүх аймагт жигд 65 хувийг
өгсөн байгаа. Тариаланчдад өгөх мөнгөний эх үүсвэр байхгүйгээс л
удаашраад байгаа хэрэг л дээ. Нөөцөлж авсан буудай зарагдахгүй байна.
Түүнийг зарж байж л тариаланчдад мөнгийг нь өгөхөөр анхнаасаа тооцсон.
Гэтэл гурилын үйлдвэрүүд импортын буудай хямдаар авч манай буудай
зарагдахгүй болчихоод байна шүү дээ.

-Нөөцийн
буудайг зарагдтал тариаланчдад мөнгийг нь өгөхгүй гэсэн үг үү. Хаврын
тариалалт эхлэх дөхөж байдаг, гэтэл тариаланчид түрүү жилийнхээ ч
мөнгийг авч чадахгүй байна шүү дээ. Ингэхэд Засгийн газраас
тариаланчдад зориулж хэчнээн төгрөг өгсөн бэ?

-Нөөцийн
буудай зарагдахгүй байгаа ч бид өөр эх үүсвэр хайж байна. Одоогоор
шийдэлд хүрсэн зүйл алга байна. 2009 онд 5,5 тэрбум төгрөгийн
санхүүжилт өгсөн. Энэ нь нийт улаанбуудайн үнийн 15 хувьтай тэнцэж
байгаа юм. Үлдсэн 50 орчим хувийг нь бид өөр бусад эх үүсвэрээс
олгосон.

-Одоогоор хэчнээн тонн буудай
тариаланчдаас авсан бэ. Удаан хугацаанд хадгалахаар буудайны чанарт
нөлөөлөх үү. Тариаланчдаас тонн буудайг 330 мянган төгрөгөөр авсан гээд
байгаа боловч 290 мянгаар авсан юм биш үү?

-Одоогийн
байдлаар манай санд 180 мянган тонн улаанбуудай бий. Үүний 60 мянган
тонн нь 2008 оных. Үлдсэн 120 мянган тонныг нь өнгөрсөн онд авсан.
Улаанбуудайг зориулалтын агуулахад хадгалж байгаа болохоор чанар нь
муудна гэж айлтгүй. Тариаланчдаас тонн тутмыг нь 330 мянган төгрөгөөр
авсан.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ийм
хариу өгч байна. Тариаланчдын тавьсан шаардлага,  яам болоод холбогдох
сангийнхны  тайлбар хоёр ямагт зөрүүтэй байдаг нь гайхалтай.
Тариаланчид мөнгөө аваагүй гэх, харин яамныхан өгсөөн гээд зүтгэсээр
байтал хаврын тариалалт хаяанд ирлээ. Нэгэнт яам орсных энэ хавар
тариалах үрийн талаар мэдээлэл авахыг хүссэн боловч мөн л хариу өгөх
хүн олдсонгүй. Яагаад гэвэл яамны удирдлагууд гадаад дотоодын
томилолттой байсан учир асуудлыг шийдэж амжаагүй байгаа гэнэ. Хэнд ч үл
захирагдан, хэнийг ч үл хүлээх цаг хугацааг аргамждаггүйгээс хойш
тариаланчдаа бодох болоогүй юм болов уу.

Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж