Америкийн нээлттэй тэмцээнд шинэ аварга төрнө

Хуучирсан мэдээ: 2014.09.07-нд нийтлэгдсэн

Америкийн нээлттэй тэмцээнд шинэ аварга төрнө

Наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн талбайн теннисний "Их дуулга" тэмцээн болох Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шинэ аварга төрнө. 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолтод Японы Кей Нишикори, Хорватын Марин Чилич нар шалгарлаа.

Бямба гаригт болсон хагас шигшээ тоглолтод тэмцээнд аравт эрэмбэлэгдсэн Японы Кей Нишикори 2011 оны аварга, сүүлийн хоёр жил дараалан шигшээд шалгараад байсан Сербийн Новак Жоковичийг 6:4, 1:6, 7:6, 6:3-ийн харьцаагаар буулган авсан юм.

Мөн Хорватын Марин Чилич тэмцээнд хоёр эрэмбэлэгдсэн Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерерийг гурван үеийн турш 6:3, 6:4, 6:4-ийн харьцаагаар хожиж, шигшээд шалгарлаа.

Японы Кей Нишикори, Хорватын Чилич нарын хэн хэн нь "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна. Шигшээ тоглолт даваа гаригт болох бөгөөд тэдний хэн хожсон нь "Их дуулга" тэмцээний анхны түрүүгээ хүртэнэ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолт өнөө шөнө болох бөгөөд Дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, Данийн Каролине Возняки нар шалгараад байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж