Наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шигшээд АНУ-ын Серена Уильямс, Данийн Каролине Возняки нар шалгарлаа.
Баасан гаригт болсон тоглолтод тэмцээнийг тэргүүлэн тоглож буй АНУ-ын Серена Уильямс ОХУ-ын Екатерина Макароваг (17) 6:1, 6:3-ын харьцаагаар хожсоноор шигшээд шалгарлаа. Сүүлийн хоёр жил дараалан "US OPEN"-д түрүүлээд байгаа Серена Уильямс 18 дахь "Их дуулга"-ын түрүүгээ хүртэхийн төлөө Вознякитай тоглох юм.
2009 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч байсан Возняки таван жилийн дараа дахин финалд шалгарлаа. Түүнтэй өрсөлдсөн БНХАУ-ын Пан Шуай хоёрдугаар үеийн дундаас тэмцээнийг үргэлжлүүлэхээс татгалзсан. Тоглолтын эхний сетийг 7:6-аар Возняки өөрийн болгоод байсан. Удаах сетийг 4:3-аар Возняки илүүрхэж байсан ч Пан Шуай цааш тоглохоос татгалзсан юм. Вознякигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Мария Шарапова байсан. Тэд дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан бөгөөд гурван сет үргэлжилсэн тоглолтод 6:4, 4:6, 6:2-оор Дани бүсгүй ялалт байгуулсан юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт ням гаригийн шөнө болно. Дэлхийн манлай теннисчин Серена Уильямсын хувьд "Их дуулга"-ын түрүүг 17 удаа хүртэхдээ Америкийн нээлттэй тэмцээнд таван удаа буюу 1999, 2002, 2008, 2012-13 онуудад түрүүлээд байна. Харин тэмцээнд 10-т эрэмбэлэгдэн тоглож буй Данийн Каролине Возняки "Их дуулга" тэмцээний түрүүг хараахан хүртээгүй байгаа бөгөөд тэрээр Америкийн нээлттэй тэмцээний финалд хоёр дахь удаагаа шалгарлаа. 2009 оны шигшээ тоглолтод шалгарахдаа зодог тайлан буцан теннисний талбайдаа эргэн ирсэн Белгийн нэрт теннисчин Ким Клистерт ялагдаж байсан. Энэ удаа түүний өрсөлдөгчөөр агуу Серена Уильямс шалгараад байна.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын хагас шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглож бй Сербийн Новак Жокович-Японы Кей Нишикори (10), Швейцарийн Рожер Федерер (2)-Хорватын Марин Чилич (14) нар шалгарсан. Хагас шигшээ тоглолт өнөө шөнө болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.
Ч.БОЛ