Оюутнуудад үнэгүй үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

Оюутнуудад үнэгүй үзлэг хийнэ

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэхээр болсон байна. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3 хувь буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байгаа аж. Оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг. Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 860 гаруй оюутанд халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст гепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж, үүний 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгджээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж