БНХАУ-ын Шанхай хотноо болсон дартсын Дэлхийн цомын тэмцээнд Монголын дартсын тамирчид өндөр амжилтыг үзүүлжээ.
Наймдугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Олон улсын дартсын холбооны тав удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай тамирчдаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг хүрэл медаль хүртсэн бол өсвөрийн баг мөнгөн медаль хүртэж, 2011 оны амжилтаа бататгажээ.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд Ш.Ган-Эрдэнэ 16-р байрт, Х.Сайнбаяр, М.Эрдэнэ нар 33-р байрт шалгарсан байна.
Өнгөрсөн онд Монголын дартс сонирхогчдын холбооны тамирчин Д.Эрдэнэчимэг “IDF DARTS WORLD CUP-2013” тэмцээнд түрүүлж, дэлхийн цомын алтан цомыг анх удаа эх орондоо авчирч байсан. Мөн Ц.Баатар гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, эрэгтэй ганцаарчилсан төрлөөр Б.Биндэрьяа мөнгө, Х.Одхүү IV байр, хосын төрлөөр Б.Биндэрьяа, Х.Одхүү нар мөнгөн медаль хүртсэн өндөр амжилтыг үзүүлж байсан юм.
Дашрамд дурдахад, Монголын дартс сонирхогчдын холбоо 2009 аравдугаар сард байгуулагдаж, тус спортыг үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд хүргэн хөгжүүлэх зорилгоор ажиллаж байна.
Ч.БОЛОР