Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Анн Камбэл болон АНУ-ынТөрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн ахлах зөвлөх, хатагтай Жудит Хьюмантай нартай уулзлаа. Тэрээр уулзалтын эхэнд “Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлогыг гол стратеги болгон хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд АНУ бидний хувьд хамгийн ойрын түнш юм. Үүний тод жишээ нь америкийн ард түмэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тус улсад ардчилсан нийгмийг цогцлоох, түүний үндэс суурийг бэхжүүлэх үйл явц, бидний ололт амжилт бүрийг сайшаан дэмжиж байсанд оршино. Манай хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбарт идэвхитэй хөгжсөний дүнд АНУ-ын зүгээс манай улсын уул уурхай, тээвэр, дэд бүтэц, хөдөлмөрийн салбар дахь бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь сайшаалтай юм.
Тухайлбал, хөдөлмөрийн салбарт бид 2013 онд АНУ-ын РАНД корпорацитай хамтын ажиллагаа шинээр тогтоон Санамж бичиг байгуулаад байна. Хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн түвшинг шинэ шатанд хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн суурь судалгааг гаргах, эрсдлийг тооцох олон улсын жишигт нийцсэн механизмыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд оршино. Одоогоор хоёр талын хамтарсан ажлын хэсэг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.
Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн гэрээг амжилттай хэрэгжүүлж, энэхүү гэрээ нь тус улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, бодитой хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг онцлон дурдлаа.
Уулзалтын үеэр Хадагтай Жудит Хьюман Хөдөлмөрийн сайдад эх орондоо урьсанд талархал илэрхийлээд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, сургалтын орчин, хууль эрхзүйн орчин хэрхэн хөгжсөн зэргийн сонирхож, АНУ-ын туршлагаас хуваалцсан юм. Тухайлбал, АНУ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрээд ямар мэргэжил эзэмших, цаашид зөв хүн болж төлөвшихөд ихээхэн анхаарал хандуулж, тэдэнд зориулсан тусгай сургууль байгуулсан гэлээ. Мөн сүүлийн үед Оюуны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг дурдлаа.
АНУ-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрүүл иргэдийнхтэй харьцуулахад даруй 2 дахин их байгаа нь өнөөдөр ч санаа зовоосон асуудлуудын нэг байсаар байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нийт төр засгийн байгууллагууддаа хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байна. Үүний үр дүнд төр засгийн байгууллагуудад ажил эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль зүйн орчин бий болгосон гэдгийг дурдлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн яам нь хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг цогцоор нь хариуцсан Засгийн газрын төв байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш оролцуулахтай холбоотой асуудлыг хариуцаж ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 92 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт хүн амын 3 хувийг эзэлдэг байна. Үүнээс хөдөлмөрийн насны 74 300 иргэн байгаагаас 15 200 нь хөдөлмөр эрхэлдэг аж.
Өнгөрсөн хугацаанд тус яамны хариуцсан чиг үүргийн хүрээнд ХБИ-д чиглэсэн дараахь арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнд “ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр 2013”, “ХБИ-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2014”, “Ажил олгогчид урамшуулал үзүүлэх арга хэмжээ”,“ХБИ-ийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулах арга хэмжээнүүд” гэх мэт.
Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ХБИ-д зориулсан тусгай сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахад хамтран ажиллах, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг өдөөх, ахуй амьдралаа сайжруулах, нийгэмд оруулах хувь нэмрийг нь дэмжих, ХБИ-ий оюуны бүтээлийг хөгжүүлж, дэмжих чиглэлд хамтран ажиллах, мэдээллийн технологийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.