Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2014 оны есдүгээр сарын 5-ны өдөр нийт 20 хэрэг хянан хэлэлцсэний дотор Э.Эрдэнэжамъянд холбогдох хэрэг багтав.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь албан тушаалын байдлаа ашиглаж, 2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр өөрийн erdenejamiyan@moj.gov.mn и-мэйл хаягаар Интерполын Ерөнхий Нарийн бичгийн дарга Роналд Нобелд хандан захидал илгээснээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эсрэг хэвлэн нийтэлсэн улаан булант зар мэдээг цуцалж, дээрх хүмүүсийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг 2013 оны дөрөв дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоож, тэдний талаарх мэдээллийг Интерполын гишүүн улс орнуудаас авах боломжгүй нөхцөл байдал үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Э.Эрдэнэжамъянг албан тушаалын байдлаа ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сая 424 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв хэмээжээ.
Э.ЖАРГАЛ