Ц.Мөнхтөр: Хаалтын гэрээ гэж мушгиж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхтөр: Хаалтын гэрээ гэж мушгиж байна

"Хэвлэл мэдээллийн 40 орчим байгууллага Монгол Улсын Засгийн газартай хаалтын гэрээ хийсэн. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааг сайнаар сурталчилах үүрэг хүлээж, амыг нь тагласан, мөн цаана нь ямар ч эрх ашиг нуугдаж мэдэх учраас Авлигатай тэмцэх газраар шалгуулна" хэмээн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчилдөггүй. Өнөөдөр Монголын зах зээл дээр 100 хувь, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн  байгууллага оршин тогтнож байгаа. Эдгээр нь цөм 100 хувь өөрсдийгөө санхүүжүүлдэг аж ахуй нэгжүүд. Энэхүү байгууллагуудыг Засгийн газрын үйл ажиллагааг сурталчил гээд орхих нь учир дутагдалтай. Тэд зах зээлийн зарчмаар ажилладаг. Компани ажиллуулахад ямар зардал гардаг вэ, тэр бүхэн гарна. Хүмүүсээ цалинжуулна, татвараа төлнө, бас бусад зардал гээд. Тийм ч учраас зөвхөн Шинэчлэлийн Засгийн газар ч биш үе үеийн Засгийн газар үйл ажиллагааны төсвөөсөө хэвлэл мэдээлэлд төсөвлөж, түүгээрээ гэрээ хийж ирсэн. Шинэчлэлийн Засгийн газраас хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг хаалтын гэрээ байгуулсан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтэд хүргэж, хэвлэлд цензур тогтоох гэсэн оролдлого гэсэн тайлбар хийж байх шиг байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд 5-10 сая төгрөгөөр “амаа үдүүлээд” байх уу гэдгийг бодоорой. Нөгөө талаас бид гэрээндээ хэвлэлийн байгууллагууд “Дуулгавартай байх ёстой” гэсэн зүйл заалт оруулаагүй. Зөвхөн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр мэдээ, мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэх ажлаа хурдан, шуурхай байгаасай гэсэндээ тухайн байгууллагад ажлын хөлс болгон өгч байгаа. Нэмж хэлэхэд, телевизүүдийн холбоонд төсөвлөсөн мөнгөний дүн өндөр байгаа. Энэ бол тус холбоогоор дамжуулж, Засгийн газраас улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэж байгаа талаар баримтат кино хийхэд төсөвлөсөн мөнгө. Харахад их мөнгө ч баримтат кино болж, түүхийн архив болдогоороо маш чухал” гэсэн тайлбар хийлээ.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж