-Эхний хоёр сетэд хожигдоод байсан Федерер сүүлийн гурван сетийг өөрийн болгосноор хагас шигшээд шалгарлаа.-
Наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн Америкийн нээлттэй тэмцээн ирэх даваа гаригт өндөрлөх юм. Тэмцээний 11 дэх өдөр буюу өчигдөр(09.04) эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймын сүүлийн тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо.
Тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглож буй Швейцарийн Рожер Федерер Францын Гаэйл Монфильсийг, Хорватын Марин Чилич Чехийн Томаш Бердычыг хожиж, хагас шигшээд өрсөлдөхөөр шалгарлаа. Нөгөө хэсгээс тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, Японы Кей Нишикори(10) нар шалгараад байсан.
“Arthur Ashe” цэнгэлдэх хүрээлэнд болсон пүрэв гаригийн тоглолтоос Рожер Федерер, Гаэйл Монфильс нарын тоглолт сонирхолтой болж өнгөрлөө. Тоглолт таван сет үргэлжилж, Федерерийн ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын эхний хоёр сетийг Монфильс 6:4, 6:3-ийн харьцаагаар өөрийн болгосон ч удаах сетүүдэд 6:4, 7:5, 6:2-оор Федерер илүүрхэж, шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор шалгарлаа. Тэмцээнд 20-д эрэмбэлэгдсэн Монфильс дөрөвдүгээр тойрогт Беларусын Димитровыг (7) хожсон бөгөөд шөвгийн наймд өөрийн боломжоо ашиглаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын хагас шигшээд Сербийн Новак Жокович-Японы Кей Нишикори (10), Швейцарийн Рожер Федерер (2)-Хорватын Марин Чилич (14) нар шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт баасан гаригт болох бөгөөд АНУ-ын Серена Уильямс-ОХУ-ын Екатерина Макарова (17), БНХАУ-ын Пан Шуай-Данийн Каролине Возняки (10) нар шалгараад буй.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ч.БОЛ