Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын барилдаан энэ сарын 14-нд Токиогийн "Рёогокү" бөхийн ордонд эхэлнэ. Монголын анхны сумочдын нэг, "Томоцүна" дэвжээний бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням есдүгээр сарын 13-ны өдөр 40 нас хүрэх бөгөөд манай бөх есдүгээр сарын барилдаанд макүну үчи тойргийн зүүн жигүүрийн 14-т чансаагаар бичигдэж байгаа нь нэгэн чухал амжилт юм. Учир нь 40 настай бөх макүну үчи тойрогт барилдаж буй тохиолдол 1954 онд Наёоро-Ива барилдсанаас хойш 60 жилийн дараа давтагдаж байгаа нь энэ аж.
Кёкүтэнхо Н.Цэвэгнямийн барилдааны амжилт, оноолт:
Одоогийн байдлаар:
- Дээд цол: Сэкиваки
- Нэг удаа Макүну Үчид түрүүлсэн
- 877 даваа, 894 унаатай. 22 барилдаан өнжсөн. Тэр дундаа Макүну үчи тойрогт 667 удаа давж, 723 удаа өвдөг шороодож, 15 барилдаан өнжжээ.
- 94 башёд макүну-үчид барилдсан амжилтаараа сумогийн түүхэнд 3-рт, 81 башё макүну-үчи тойргийн майгаширад барилдаж байгаа амжилтаараа 1-рт бичигдэж байна.
- Дайчин барилдааны тусгай шагналаар 6 удаа шагнадсан .
- Барилдааны үзүүлэлт амжилтаараа 1500 гаруй жилийн түүхтэй гэгддэг сумогийн ертөнцөд хоёрдугаарт бүртгэгдэж байна.
Гэрэл зураг, мэдээллийг бэлтгэсэн В.ДАВАА