Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Цэрэг улс төрийн НАТО-гийн эвслийг байгуулах үндэс болсон Умарт Атлантын гэрээнд гарын үсэг зурсан 65 жилийн ой нь 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд болсон юм.

 

 

НАТО нь “хүйтэн дайны” эхэнд үүссэн юм. Умард Атлантын Гэрээний Байгууллага (англ. North Atlantic Treaty Organization (NATO); фр. Organisation du Traité de l'Atlantique de Nord (OTAN)) нь 1949 оны 4 сарын 4-ний Умард Атлантын гэрээний дагуу байгуулагдсан социалист орнуудын ялангуяа ЗХУ-ын эсрэг чиглэсэн хүйтэн дайны үед байгуулсан АНУ болон бусад баруун Европын орнуудын цэргийн эвсэл юм. Хүйтэн дайнаас хойш дэлхийд АНУ-ын тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон байна. НАТО-гийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм.

 

Энэ эвсэл гарч ирэхээс хоёр жилийн өмнө 1947 оны зургадугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маршалл Гарвардын их сургуульд үг хэлэхдээ, Европыг сэргээн босгож, хөгжүүлэх төлөвлөгөө дэвшүүлсэн нь “Хүйтэн дайны” нэг номлол болсон мэт бичсээр ирсэн. АНУ уг төлөвлөгөөг сэдэхдээ, зөвхөн Өрнөд Европыг дэмжих бодол байгаагүй, дайнд суларсан Англи, Францын орыг эзэлж, америкийн капиталыг тийш нь оруулах, улмаар Европыг хөл дээр нь босгох зорилготой байв.Юуны өмнө дайнд ихээхэн сүйдсэн Рурын сав газрыг сэргээн босгоход Өрнөд Германд туслахыг гол болгож байв. АНУ-ын ерөнхийлөгч Трумэн 1947 оны гуравдугаар сард Конгресст явуулсан илгээлтдээ, улаан аюулаас хамгаалахын тулд Турк, Грекийн засгийн газарт 400сая доллар олгохыг шаардсан нь номлол гэж нэрлэгдсэн байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ален Даллес 1948 оны нэгдүгээр сарын20-нд анхлан цэрэг-улс төрийн эвсэл байгуулах саналыг Сенатад дэвшүүлжээ. Өрнөд Европын орнуудтай холбоотон болж, Зөвлөлтийн бодлогоос сэрэмжлүүлэх гэж боджээ. Хоёр өдрийн дараа Их Британийн БХЯ-ны сайд Бевин Өрнөдийн холбоо байгуулах тухай санал албан ёсоор тавьж, гуравдугаар сард Брюссельд нээгдсэн Их Британи, Франц, Нидерланд, Люксембургийн төлөөлөгчдийн бага хурлаар Өрнөдийн холбоо байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан байна.Уг холбооны гол гол байгууллага болох Зөвлөлдөх зөвлөлд ГЯЯ-ны сайд нар оров. Мөн БХЯ-ны сайд нарыг багтаасан Цэргийн хороо байгуулсан нь ирээдүйн НАТО болжээ.

 

Жилийн дараа 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд Вашингтон хотод Өрнөд Европын 10 улс, АНУ, Канадыг оролцуулсан Умард Атлантын гэрээнд (The North Atlantic Treaty)гарын үсэг зурснаар НАТО бий болжээ.

 

АНУ, Их Британи, Францыг эс тооцвол тэдний дотор ЗХУ, Дорнод Европт заналхийлэхээр дорвитой хүч үгүй байсан юм.1952 онд Турк, Грек, 1955 онд ХБНГУ НАТО-д нэгдэв.Үүний сацуу 1952 онд бий болсон Европын батлан хамгаалах хамтын нийгэмлэг үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ нь Европын нэгдсэн арми байгуулах анхны оролдлого болсон юм.1952 онд засгийн газар хоорондын гишүүн орнуудын байгууллага болон бусад бүтцүүд бий болжээ. НАТО-гийн анхны  ерөнхий нарийн бичгийн дарга Гастингс Лайонел Исмей тус эвслийн зорилгыг ЗХУ-ыг Европт нэвтрүүлэхгүйгээр тэнд Америкийн оролцоог хангаж байх, Германыг барьж байх (Keep the Russians out, the Americans in, and Germans down) гэж тодорхойлсон байлаа.

 

1954 онд Зөвлөлтийн Засгийн газар НАТО-д оролцох санал гаргасан байв. АНУ-ын Засгийн газрын хариу нот бичигт “барууны орнуудын аюулгүй байдал, системийн хамгаалатын зарчимд нийцэхгүй бодит бус санал” гэж  түүнийг няцаасан байна.

 

Одоо НАТО нь 28 орныг нэгтгэж байгаа. Янз бүрийн шалтгаанаар цэргийн бүтцийн оролцоогоо Франц 1966-2009 онуудад, Грек1974-80 онуудад зогсоож байлаа. Зөвлөлт задарсны дараа 1991 онд Умарт Атлантын хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж, 1994 онд “Энх тайвны төлөөх түншлэл” хөтөлбөр  үүсэн түүнд нь Орос оролцох болсон байв.

 

1997 онд бие биенээ дайсан гэж үзэхгүй гэсэн Үндсэн гэрээгээ Орос, НАТО хоёр байгуулсан юм.  2002 онд Ромын тунхаглалд гарын үсэг зурсны дагуу өнөөдөр Орос-НАТО гэдэг зөвлөл ажиллаж байгаа.

 

Эвслийн дээд байгууллага нь  Умарт Атлантын зөвлөл бөгөөд тэр нь гишүүн орнуудын байнгын төлөөлөгч нараас бүрэлддэг. Цэргийн төлөвлөлтийн хороо, Цөмийн төлөвлөлтийн хэсэг гэсэн удирдах байгууллагууд бий.

 

Цэргийн ба иргэний гэсэн хоёр бүтцийн зохион байгуулалттай. НАТО-гийн олон үндэстний шуурхай ажиллагааны хүчинтэй. Тэр нь ротацийн зарчмаар бүрэлддэг ба 25 мянган цэргийн албан хаагчид мөн нисэхийн болон тэнгисийн цэргийн хүчин, тусгай албаныхан хими, биологи, цөмийн хамгаалатын оператив-тактикийн группээс бүрэлдэнэ.

 

Өнөөгийн ерөнхий нарийн бичгийн дарга нь  Андерс Фог Расмуссен (2009 оноос хойш).

 

Байгууллагын төв нь Бельги улсын нийслэл Брюссельд байрладаг. Албан ёсны хэл нь англи ба франц.

 

Төсөв нь гишүүн орнуудын татвараас бүрэлдэх бөгөөд Иргэний (2013 оны байдлаар – 215,5 сая евро), цэргийн (1,45 тэрбум евро), Хөрөнгө оруулалт ба аюулгүй байдлыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөв (700 сая евро) гэсэн гурван хэсэгт хуваагдана.

 

НАТО анх удаагаа 1992-1995 онд  Босни ба Герцеговинад байлдааны ажиллагаанд оролцсон байна. НАТО-гийн томоохонд  орох цэргийн ажиллагаануудад  Югославд 1999 онд явуулсан "Холбооны хүч" (Allied Force), Ливид 2011 онд явуулсан  "Нэгдсэн хамгаалагч" (Unified Protector) зэрэг орно.

 

Үүний зэрэгцээ, 1999 оноос НАТО нь Косово дахь  олон улсын хүчинийг толгойлж байна. 2001 оноос хойш үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд  зориулагдсан хууль бус зэвсгийн наймаа, материалын эргэлтэй тэмцэх “Active Endeavour” ажиллагааг Газар дундын тэнгист явуулж байгаа. 2003 оноос эхлэн Афганистанд Аюулгүй байдалын олон улсын хүчнийг удирдаж ирэв. Иракийн хүчний байгууллагынхныг бэлтгэх ажлыг 2005 оноос явуулж ирэв. Африкийн эвэр гэдэг эргийн орчим  далайн дээрэмчидтэй  2008 оноос хойш тэмцэж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж