Герман боловсролыг монгол ухаанаар “сүлж” өндөр чадвартай, мэргэшсэн дэлхийн хэмжээний боловсон хүчнийг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэгч салбар болох уул уурхай, ашигт малтмалын салбарт бэлтгэн гаргах зорилго бүхий Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль өчигдөр нээлтээ хийсэн юм.
2011 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхдээ тус улсын Канцлер Ангела Меркелтэй боловсролын салбарт хэрэгжих, хоёр улсын хамтын ажиллагаанд тод мөр үлдээх ажлыг ярьсан нь ийнхүү хөрсөн дээр буусан хэрэг юм.
Тус сургуулийг байгуулах яриа хэлцэл хоёр жил гаруй үргэлжилж өнгөрсөн оны долдугаар сарын 5-нд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хамтран сургууль байгуулах санамж бичгийг үзэглэсэн аж.
Үүнээс ердөө нэгхэн жилийн дараа 160 хүүхдийн оюутны байр, 300 гаруй хүүхдийн багтаамжтай хичээлийн нэг байртайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж нээлтээ хийж буй нь энэ юм. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтан, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн яамны төлөөлөл, Германы их дээд сургуулиудын багш, Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани, ажил олгогчид, эцэг эхчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Үйл ажиллагааг нээж БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг үг хэллээ.
Тэрбээр, хэлсэн үгэндээ “Монгол, Герман улсын төрийн тэргүүнүүдийн санаачилгаар анхлан байгуулах ажлыг эхлүүлсэн энэ ажил маш богино хугацаанд үр дүнтэй явж ирлээ. Өнгөрсөн хичээлийн жилд бид энэ сургуулийн бэлтгэл ангид хүүхдүүдээ авч бэлтгэж эхэлсэн. Шинжлэх ухаан, англи хэлний суурь төвшинг ахиулснаар оюутнууд маань үндсэн хөтөлбөрт хамрагдахаар болж байна. Дэлхийн шилдэг сургуулиудын хөтөлбөрийг Монгол Улсад суурьшуулах Засгийн газрын хөтөлбөрийн анхных нь энэ болж байгаа юм.
Герман, Монголын хамтарсан багш нар Монголд хэрэгтэй, Герман технологийг Монгол ухаанаар сурах хөтөлбөрийг боловсруулж чадсан нь онцлог юм. Олон чадварлаг багш нар нийлж Монголын ирээдүйд хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байгаад талархалтай байна. Дэлхийн жишигт хүргэн сургуулиа авч явах нь бидний зорилго боллоо. Манай яам сайн багш, сайн инженер бэлтгэхэд анхаарч байгаагийн эхний ажил нь энэ болж байгаа юм. Удахгүй дэлхийн боловсролыг монголдоо эзэмших боломжууд ар араасаа нээгдэнэ.
Засгийн газраас дэвшүүлсэн хөтөлбөрийн дагуу сургуулийнхаа орчин нөхцлийг улам илүү сайжруулна. Энэ жилийн төсөвт спорт цогцолбор, дотуур байр барих төсөв тусгасан байгаа” хэмээн онцоллоо. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчинд спорт цогцолбор, 300 гаруй хүүхдийн багтаамжтай хичээлийн байр, 160 хүүхдийн багтаамжтай оюутны байрыг дахин шинээр нэмж барихаар төлөвлөж байгаа аж. Энэхүү сургууль нь Монголын дээд боловсролын салбарт загвар жишиг болохуйц, европын стандартад нийцсэн, европын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, ажил олгогч, хувийн хэвшил, түншүүдийн оролцоог хангасан төрийн өмчит дээд боловсролын байгууллага байх юм байна. Энэ жилийн хувьд анхны элсэлтээ авсан бөгөөд 70 оюутан суралцаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хамтарсан сургууль байгуулах эхний үе шат буюу 2013-2016 онд дээд сургуулийн бүтцийг бий болгож, уул уурхайн боловсруулалт, механик, хүрээлэн байгаа орчны инженер гэсэн гурван мэргэжлээр бакалаврын төвшний сургалт явуулж эхэлж байгааг тус сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм онцолж байсан юм.
Тэрбээр, “Хичээл нь эхлээд явж байгаа ч сургуулийн хотхоны болоод хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр Налайх дүүрэгт болж байна. Манайх энэ жил инженерийн бэлтгэл болоод баклаврын гэсэн хоёр чиглэлээр сургалтаа эхэлсэн. Баклаврын хөтөлбөр дотроо уул уурхайн боловсруулалт, механик, хүрээлэн байгаа орчны инженер гэсэн гурван чиглэлээр оюутнуудаа бэлтгэж байна. Яагаад инженерийн бэлтгэл гэж яваад байна вэ гэхээр хичээлийг нь англи хэлээр заах учраас хүүхдүүд шууд баклаврын төвшинд англи хэлээр хичээлээ заалгаад явж чадахгүй.
Тиймээс шинжлэх ухааны болон хэлний суурь төвшинг ахиулах бэлтгэл дамжаа хичээллүүлдэг. Монгол багш нар ч англиар хичээлээ заана. Тиймээс хэлний бэлтгэлд хамрагдах ёстой юм. Энэ хичээлийн жилд 70 оюутан байна. Манайх гадагшаа оюутнуудаа явуулахгүй. Яагаад гэвэл дэлхийн төвшинд хүрсэн оюутнуудыг Монголдоо бэлтгэнэ. Тэгэхийн тулд Германы том технологийн сургуулийн багш нарыг гаднаас авч ирсэн. Гэхдээ сайн суралцсан оюутнуудыг гадаадын их дээд сургуульд оюутан солилцоогоор сургаж явуулна. Судалгааны ажил хийлгэнэ.
Монголд дандаа гадны инженерүүд ажилладаг, монголчууд хар бор ажлыг нь хийж байна гэсэн шүүмжлэлийг байхгүй болгохын тулд бид мэргэшсэн, дэлхийн боловсролыг эх нутагтаа эзэмшсэн чадварлаг инженерүүдийг төгсгөхөөр болж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээс ямар мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй байгааг судласнаар илүү олон мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Герман, Монголын хамтарсан технологийн дээд сургуулийг томоохон үйлдвэр, аж ахуйн байгууллага, ажил олгогчид оюутны тэтгэлэг олгох, сургалтын лаборатори байгуулах зэргээр үйл ажиллагааг нь дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлаж эхлээд байгаа аж. Тодруулбал, сургалтын төлбөр нь оюутны байраа оруулаад жилийн долоон сая төгрөг ч эхний семистер хичээллэсний дараа 10 хувийг нь 100 хувь үнэгүй сургах, дараагийн 10 хувьд нь 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, сайн суралцагчийг уул уурхайн компаниуд тэтгэлгээр сургах зэрэг тэтгэлэгт хөтөлбөр, урамшуулал маш их байгаа учраас сайн суралцагчийн хувьд үнэгүй суралцах боломж бүрдэж байгаа юм байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дэлхийн тэргүүний уул уурхайн компаниудын нэг болох Англо-Американ зэрэг томоохон уул уурхайн компаниуд инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан тэтгэлэг өгнө гэдгээ хэлсэн байна. Төрийн тэргүүний эхлүүлсэн боловсролын салбарт шинэ хуудас нэмэх гэрээ хэлцэл гуравхан жилийн хугацаанд ажил хэрэг болсноор 5-10 жилийн дараа гэхэд Монгол Улсын тэргүүлэгч салбарт бэлтгэгдсэн олон зуун инженер, тэднийг бэлтгэх багш нар төрж гарах нь ээ.
Германд боловсрол эзэмшсэн, Германы технологийн их дээд сургуулиудын багш нар энэ сургуульд урилгаар ирж хичээл зааж байгаа учраас Монголын уул уурхайн боловсон хүчний ирээдүй тун гэгээлэг харагдаж байгааг Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөгч онцлон тэмдэглэж байлаа. Герман технологи, монгол ухаан хоёр нэгдэснээр дэлхийн хэмжээний шилдгүүд зөвхөн энэ сургуулиас төрж гарна хэмээлээ.
Б.ӨНӨРТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn