Ядуурал огцом буурч байгаа юм гэнэ ээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Ядуурал огцом буурч байгаа юм гэнэ ээ

Улаанбаатар хотын өрхүүдийн ядуурлын төвшин эрс буурсан байна гэнэ. Өмнө нь буюу хагас жилийн өмнө нийслэлийн иргэдийн 57, 5 хувь нь ядуу байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 14,3 хувиар буурч 43,2 хувь болсон юм гэнэ. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн Хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаанд ийнхүү нийслэлчүүдийн ядуурлын төвшин эрс буурлаа гэж бахдалтайгаар мэдээлсэн байх юм. Нийслэлчүүд бид ядуурлаасаа суга үсэрч гараад амьдрал нь сайжраад бүр башийсан юм байх аа. Бүр доогуур боловсролтой болон гэр хорооллын өрхийн ядуурлын төвшин бараг 20 хувь \судалгааны тайланд өгүүлснээр бол шүү дээ. Харин хүснэгтээс харах юм бол 18,1 хувь буурсан гэжээ\ буурсан байх юм. Бага боловсролтой болон гэр хорооллын өрхүүд илүү ядуу байдаг гэдэг манайд батлагдсан “сонгодог” онолоор ийн тусгаарлан үзэж байгаа хэрэг шүү дээ.
Гэсэн ч энэ мэдээллийг сонссон хүмүүс “Хаана байна, тэр буураад байгаа “ядуурал” нь…?” гэж гайхаширч байна. Амьдрал өдөр ирэх тусам доройтож байгааг харсаар байж ийм тоо сонсох нь нэн тохуурхалтай бөгөөд гомдмоор. Албан тасалгааны цонхоор л амьдрал сайхан харагддаг юм болов уу, мэдэхгүй. 
Засгийн газар бол мэдээж хэрэг өөрсдийгөө аль болох сайхан харагдуулахын тулд ядуурал багасч байна, ядуурлыг багасгана энэ тэр гэж улин донгодож байдаг болохоор ядуурлын төвшинг яг үнэнээр нь харуулсан судалгаа хийнэ гэж горьдохын хэрэггүй л дээ. Гэтэл манайдаа л харьцангуй хараат бус гэгдэх төрийн бус байгууллага харин ийн эргэлзээтэй гэмээр судалгааны дүн танилцуулсан нь бас гайхашрал төрүүлээд байгаа юм. Харин судалгааны багийнхан үүнийгээ судалгааны зорилго ядуурлын төвшнийг тодорхойлох биш бөгөөд нэгэнт хэрэглэгчийн талаар судалгаа явуулж байгаа болохоор ядуурлын төвшний асуулгыг далимд нь дайсан. Тэгээд ч нэг мянган хүн оролцсон түүвэр судалгаагаар ядуурлын төвшинг тогтоох боломжгүй гэж тайлбарлалаа. 
Гэхдээ энд бас өөр гайхалтай асуудал бий. Судалгааг хийхдээ амьжиргааны доод төвшинг 101 100 төгрөгөөр бус 94800 төгрөгөөр тооцож авсан аж. Хэрвээ яг одоогийн албан ёсны баталсан доод төвшин гэх 101 100 төгрөгөөр тооцсон бол ядуурал 62,2 хувьтай гарах байсан аж. Үүнийгээ Үндэсний статистикийн хорооноос амьжиргааны доод төвшинг өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэчлэн тогтоосон байсан боловч албан ёсоор зарлаагүй байсан учраас тавдугаар сард хийсэн анхны судалгаандаа хуучин хэмжүүрийг ашигласан. Харин  хоёр дахь судалгаандаа шинэ “хэмжүүр”-ээ хэрэглэх гэтэл өмнөх судалгаатай харьцуулах боломжгүй болчих гээд байсан гэж тайлбарлажээ. Судалгааны тайланд тухайн өрхийн орлого өөрчлөгдөөгүй ч “хэмжүүр” нь өөрчлөгдөхөөр дөрөвдүгээр сард ядуу ангилалд ордоггүй байсан айл арваннэгдүгээр сард мөнөөх ангилал руугаа гулсаж орчих гээд байсан гэж тайлбарлажээ. Булзаж бултуулж байхаар шууд л ядуусын тоо хэт олон болчих гээд байсан гэсэн үг юм даг уу.
Үүнтэй зэрэгцээд өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг багасгах талаар асуудал яригдаж байна гэсэн сураг сонсогдов. Уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ахиулж байсан уу гэхээс доошлуулж байсан тохиолдол тун цөөн. Үйлдвэрлэл, уул уурхайн хөгжлийн гарц дээр байна гээд байсан монголчуудын цалин хөлсний доод хэмжээг яагаад ийн буулгах болсон нь бас л тодорхойгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эдийн засгийн хямралтай байгаа учир гэсэн тайлбар дайж магадгүй байгаа юм гэсэн. Уг нь эдийн засаг сэргэх хандлагатай байна гэж зарим нь яриад буй. Мунхагийн ухаан хойноо гэдэг…
Гэвч ийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, хасах нь дээр өгүүлсэн амьжиргааны төвшний үзүүлэлтийг их багаар авч үзэхэд л ядуурлын төвшин 19 хувиар нааш цааш “хөдөлчихөж” байгаатай адилхан олон зүйлийн илэрхийлэл болдог. Хөдөлмөрийн хөлсний доод төвшин өөрчлөгдлөө гээд компаниуд учиргүй цалингаа багасгаад байдаггүй юм аа гэхэд аливаа торгууль, нөхвөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү гэж “томьёологддог” гэдгийг мэдэх буй за. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, хасах гэдэг нь албан бус мэдээлэл учир түр орхиё.
Ингэхэд монголчуудын хэд нь ядуу хүнд нөхцөлд амьдарч байна. Хэнийг ядуу гэж нэрлээд байна вэ?
Яг ийм асуултад түс хариу өгөх мэдээлэл тун ховор. Ядуус олонтойгоосоо ичдэг юм байлгүй гүйцэтгэх засаглалынхан энэ талаар ам ангайх нь ховор. Уг нь Үндэсний статистикийн хорооныхон 2008 онд ядуурлын талаар судалгаа хийсэн л гэдэг. 
Албаны хөшүүн хэллэгээр бол ядуурлын төвшин гэдэг зүйлийг дагаад 30 орчим хувь гэсэн тоон дээр л эргэлдээд байдаг. Арав гаруй жилийн өмнө л ядуурлын төвшин 34 хувь гэж байсан. Эдүгээ хүртэл ядууралтай дайн зарлаад байлдаад л байсан байлдаад  байсан. Ядуурлаас нь аварч байгаа юм гээд л гадаадаас тусламж тэтгэлэг аваад л байсан аваад л байсан. Гэтэл мөнөөх хувь хэмжээ заасан тоо нь хэв хэвэндээ. Үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг ихэвчлэн нэг янзандаа л байдаг энэ тоогоор эрх баригчид тухайн “цаг үеийнхээ” байдалд тааруулаад яаж ч тоглож, өөрчилж чадна гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой. Ядуурлын төвшинг тогтоодог аргачлал, дээр дурдсан шиг амьжиргааны доод төвшинг илэрхийлэх тоо зэргээ өөрчилж байгаад л хүссэн тоогоо гаргаад ирнэ. Аягүй бол бас нэг тоо гаргаж ирчихээд ядуурлыг устгаад дуусчихсан “баатрууд” болж ч магадгүй. Эсвэл ядуурал хэт ихэссэн тул зээл тусламж хүсэхээс өөр аргагүй гэж уйлан дуулахын тулд төвшнөө “үржүүлчихэж” ч магадгүй, тэд. Тийм ч учраас төрийн сангаас цалинждаг эрх баригчдын мэдэлд байдаг статистикийн хорооны гаргаж байгаа мэдээлэл хийгээд, эрх баригчдын хүсэл сонирхолд нийцүүлэхээр хийсэн судалгаанд итгэх хэрэггүй гэж тэрслэгчид олон байдаг юм билээ.
Дээр өгүүлснээр харьцангуй өөр “ашиг сонирхол” багатай байх магадлалтай Нээлттэй нийгэм хүрээлэнгийн гаргасан судалгаагаар нийслэлчүүдийн 43,2 хувь нь ядуу юм байна. Бүр цаашилбал дээр өгүүлсэн өнөөгийн албан ёсны амьжиргааны төвшнөөр судалгааг авсан ахул нийслэлчүүдийн 62,2 хувь нь үгээгүй ядуу байх нь. Бараг энэ нь амьдралд илүү ойр тоо байсан ч байж магадгүй. Үгүй юм аа гэхэд 43,2 хувь гэдэг тоо юуг илэрхийлж байна вэ? Амьдрал хамгийн боломжийн, үгээгүй ядуу хөдөөгийнхний дэргэд “дээдсүүд” амьдардаг нийслэлчүүдийн хоёр хүн тутмын нэг нь үгээгүй ядуу гэсэн үг. Аймаар тоо байгаа биз. 62,2 хувь хэмээх тоогоор баримжаа авья гэх юм бол бүр аймаар дүр зураг харагдах буй за. Уг нь хөгжингүй орнуудын ядуурлын хувь 10 хувь руу дөхөөд ирэхээр л аюулын харанга дэлддэг гэдэг. Гэтэл манайд…
А.Алтантуяа 2009 оны 12 сарын 17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж