Хятад дахь юанийн дүрэм

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хятад дахь юанийн дүрэм

Хятад юанийн ханшаа чөлөөллөө. АНУ-аар гуйлгуулж, аргадуулж, загнуулсны эцэст Коммунист намын удирдагчид ийм шийдвэр гаргалаа хэмээн Барак Обама хөөрцөглөнө. Үгүй ээ, энэ чинь угаасаа бидний төлөвлөж байсан урт хугацааны зорилтын нэг хэсэг байхгүй юу хэмээн Хятадын бодлого боловсруулагчид хариулна.

Ямартай ч Хятадын тал өнгөрсөн сарын 19-нд юанийн ам.доллартай харьцах ханшийг 0.6 хувиар нэмэхийг зөвшөөрсөн юм. Бүр өмнө нь 2005-2008 онд юанийн ам.доллартай харьцах ханш 21 хувиар өсч байв. Энэ огцом өсөлт нь экспортлогчдынх нь өрсөлдөх чадварыг сулруулсан учир тус улс 2008 оны дунд үеэс нэг ам.долларыг 6.83 юаньтай уяж, өнгөрсөн сарыг хүртэл үүнийгээ тогтвортой барьж ирсэн юм. Гэхдээ бас 0.5 хувийн хэлбэлзлийг зөвшөөрдөг байв. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлэн юань сүүлийн таван жилд байгаагүй өндөр ханштай болсон юм. Өнгөрсөн мягмар гарагт нэг ам.доллар 6.7977, лхагва гарагт 6.7814 юаньтай тэнцэж, өдөр ирэх тусам энэ зөрүү багассаар байна. Өчигдрийн байдлаар, нэг ам.доллар 6.7816 юаньтай тэнцсэн байна. Энэ бол Хятадын төв банкнаас тогтоосон ханш.

Юанийн ханш уян хатан болж эхэлсэн нь одоохондоо олон улсын эдийн засагт нөлөөгөө үзүүлж эхлээгүй бололтой. Энэ талаар Хонконгод төвтэй Канадын Рояал банкны шинжээч Брайн Жэксон Bloomberg-ийн “Бизнес долоо хоног” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мэдээж  хэрэг ойрын хугацаанд юанийн ханшийг огцом чангаруулахгүй нь тодорхой. Энэ нь Хятад, АНУ-ын аль алинд том цохилт болох юм. Одоогийн байдлаар “Мооdy’s” хөрөнгө оруу­лалтын банкнаас гаргасан су­далгаагаар сүүлийн хэд хоногт Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд удаашрах хандлага ажиглагдах болсныг  харуулсан. Жишээ дурьдахад Шанхайн ерөнхий индекс 1.18 хувиар буурсан байна.

Т.Элиса

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж