Хөрөнгө оруулагчид Монголыг тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид Монголыг тоосонгүй

Арванхоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Монголын хүүхдийн ордонд сүр дуулиан багатай эхэллээ.  “Discover Mongolia-2014” уулзалтын өдрүүдэд хүүхдийн ордон хүний хөлд дарагддаг байсан бол энэ жил нэг л нам гүм. Цөөн хэдэн хөрөнгө оруулагчид цугларч нөгөө л хэдэн бэрхшээл зовлонгоо ярьсаар.

Гурван жилийн өмнө буюу 2011 онтой харьцуулахад Монголын хөрөнгө оруулалт  70 хувиар уначихаад байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувийг хангаж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар эдийн засгийн хөгжлийн зүтгүүр нь хэмээн тодорхойлж байгаа уул уурхайн салбар ч уналтын байдалд орсон. Тиймээс хөрөнгө оруулалтыг татах үүднээс, өнгөрсөн жилүүдэд Шинэчлэлийн Засгийн газар өмнөх засгийн алдааг арилгахын тулд хууль эрх зүйн орчинд хийсэн шинэчлэлээ танилцуулж байна.

 Сүүлийн нэг жилийн дотор хөрөнгө оруулалтыг татахын тулд Засгийн газар багагүй чармайж ажиллажээ. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичгээ тодорхойлж, Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын хууль, Газрын тосны хуулиа шинэчлэн баталж, дөрвөн жилийн турш хориотой байсан ашигт малтмалын хайгуулын лиценцийг шинээр олгох ажлыг эхлүүлсэн гэдгээ Монгол Улс хөрөнгө оруулагчдөд дуулгахыг хүсэв.

 Монголын хүүхдийн ордны дотор манай улсад хөрөнгө оруулагчид зовлон бэрхшээлээ тоочиж, гадна нь нөгөө л манай иргэний хөдөлгөөний хэдэн нөхөр гадаадын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэн “зүхэж” байгаа нь  харагдав. Чуулганыг  Уул уурхайн сайд Д.Ганхуяг  нээж Ашигт малтмалын хуульд шинээр орсон өөрчлөлт, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Газрын тосны тухай хуулийн шинэчлэл, цаашдаа Монголын Засгийн газраас барьж байгаа бодлого болон эрх зүйн орчны талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийсэн бол гадна нь хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэн Ногоон намын О. Бум-Ялагч цагаан хоолой бариад  бараг л ганц хүний жагсаал хийв

Нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг татаж, хямралд орсон эдийн засгаа аврахын тулд алдсан итгэлцэл, царцсан мөнгийг буцаан даллахаар байдаг арга чаргаа хэрэглэж байдаг  үйлдвэрлэл эрхэлж үзээгүй, ганц талх барьж, улсын төсөвт нэмэр болж байгаагүй эх орончид хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэн хашгирч байгааг харахад Монголын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурах нь аргагүй бололтой.

Чуулган дөрвөн сэдвийн дор болсон. "Эрх зүйн орчин”, “Алт-нүүрсний өнөөгийн байдал”, “Төслийн санхүүжилт”, “Геологи хайгуул” сэдвээр хуралдаж байна.  Алтанд тавьсан рояльти татварыг 2.5 бууруулснаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдэж байгаа сайхан мэдээ байна. Алт бол хөрвөх чадвартай металл. Тиймээс ч энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр  өнгөрсөн жилээс хойш 30 хувиар уначихаад байгаа төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой. Нөгөө талаас урт нэртэй хуулийн хэрэгжилт энэ салбарын хөрөнгө оруулагчдад багагүй хүндрэл учруулж буйг онцлох хүмүүс байсан.

Тэгвэл нүүрсний салбарынхан улиг болсон дэд бүтцийн асуудлаа ярьсаар. Дэлхийн нүүрсний зах зээл тааламжгүй, ялангуяа Хятадын зах зээл хэдийгээр нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа ч Монголтой өрсөлдөх өрсөлдөгчид олширсон.  Энэ нь нүүрсний үнэд сөргөөр нөлөөлж, ойрын хоёр жилдээ дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол Монгол нүүрсээрээ тэжээлгэнэ гэдэг худал болох нь. Нөгөө талаар Хятадын өөрийн өрсөлдөгчид нэмэгдсэн нь Монголын нүүрсний үнийг буурах гол шалтгаан болжээ.

 Манай нүүрсний компаниудын хувьд хүндрэл ихтэй, өнгөрсөн жил багагүй алдагдалтай ажилласан байна. Худалдан авагчаа, зах зээлээ алдахгүйн тулд л бага үнээр ч гэсэн нүүрсээ нийлүүлж байгаа гэв.

 Чуулга уулзалтын эхний өдөр нэг иймэрхүү. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдийн хөлд дарагддаг “Discover Mongolia-2014” харахад өнгөрсөн Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогын алдаа, “Оюутолгой”-н гацаа, мөнгөтэй гадаадынханд харшилтай эх орончдоос болоод Монголын хөрөнгө оруулагчид тоохоо больжээ гэсэн гаргалгаа хийхэд хүргэж байна.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж