”Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа наймдугаар сарын 30-нд Хүй долоо худагт болсон.
Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь 12 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулна. Уг хөтөлбөрийг “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.
Монголын залуучуудын холбоо 2012 оноос “Спирт үү, спорт уу” аян өрнүүлж энэ хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл санаачилж, залуу хүн бүрийн амнаас баарлуу биш заалруу, архитай биш тархитай, спиртлэг бус спортлог амьдрая, баарны залуус моодноос гарч, заалны залуус моодонд оръё гэсэн уриа үгнүүд гарах болсон.
”Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн хүрээнд хүй долоон худаг удахгүй унадаг дугуйн бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүс болох аж. Хүн бүр дугуй унах хүсэлтэй болж, урьд нь харагдаж үзэгдэдгүй байсан унадаг дугуйн түрээс, засварын үйлчилгээтэй боллоо. Хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг бага ч болов багасгах бодит ажлын хүрээнд Хүй долоон худгыг залуусын санаачилгаар жилийн дөрвөн улиралд дугуй унах, ашиглах бүс нутаг болгохоор зорьж байна гэж Монголын залуучуудын холбооноос мэдээлэв.
Бүгдээрээ спиртлэг биш спортлог амьдарья.