Монголын иргэд боксын оюутны Дэлхийн аваргыг удирдана

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Монголын иргэд боксын оюутны Дэлхийн аваргыг удирдана

ОХУ-ын Якутск хотноо 09 сарын 07-15 нд болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын VI дугаар тэмцээний талаар Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Монголд энэхүү тэмцээн 2010 зохиогдож байсан санагдана. Тэр тэмцээний дурсамжын талаар энэ үеэр ярихад сонин болов уу.

-Тийм ээ. Бид 2010 онд Улаанбаатар хотноо “Спортын төв ордон”-д энэхүү тэмцээнийг хүлээн авч амжилттай зохион байгуулж байв. Тэмцээнд 15 орны 120 тамирчид оролцсон. Монголын баг 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн ОХУ, Казакстаны шилдэг тамирчдын өмнө орсон. Манай Н.Төгсцогт тэмцээний шилдэг боксчин болж байсан.

-Монголын оюутнууд ОУОСХ-ны боксын тэмцээнүүдэд хэрхэн оролцож байна вэ?

-Манай оюутнууд анх 2006 онд Казакстаны Алмата хотноо болсон оюутны ДАШ 2 дугаар тэмцээнээс эхлэн оролцсон. Тэр тэмцээнд Э.Бадар-Ууган амжилттай оролцон, алтан медаль хүртэж Бээжингийн олимпийн аваргын гараагаа эхлэсэн түүхтэй. Энэ оюутны тэмцээнээс манайхан 5 хүрэл медаль хүртэж байв. Дараагийн тэмцээн ОХУ-ын Казань хотноо 2008 онд болж 1 мөнгө, 4 хүрэл хүрэж байв. Түүнчлэн 2013 оны Универсиадад анх удаа боксын төрөл орж манайхан 1 алт, 5 хүрэл медаль хүртэж байлаа. Манай оюутнууд боксын оюутны тэмцээнүүдэд ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ирсэн. – Якутскийн энэ удаагийн тэмцээний талаар сонирхуулан ярина уу? – ОХУ-д ийнхүү 2 дах удаагаа боксын оюутны ДАШТэмцээн 214 оны 09 сарын 7-15-ны өдрүүдэд Якутск хотноо болно. Зургаа дах удаагийн энэ тэмцээнд Беларус, Унгар, Иран, Казахстан, Молдав, Монгол, Голланд, Орос, Узбекстан, Франц, Швейцарь, Эстон, Өмнөд Солонгос зэрэг 20 орчим орны 145 тамирчин эрэгтэй 10 жинд, эмэгтэй 3 жинд орж өрсөлдөнө. Азийн наадам цаг хугацааны хувьд ойрхон болж байгаа учраас Азиас оролцох орнуудын тоо бага байна.

-Энэ тэмцээний гол онцлог нь юу вэ?

-Оюутны боксын ДАШТэмцээн анх удаагаа эмэгтэй тамирчид орж өрсөлдөх болсоноороо чухал онцлогтой. Тэмцээнд ОУОСХолбоо, ОУБХ-ны дүрмээр зөвхөн 19-28 насны тамирчид оролцох юм. Уг нь 18 настай тамирчин оролцдог байсан бол 2014 оноос эхлэн ОУБХ-ны шинэ дүрмээр 19 наснаас дээш тамирчид орох болсон. Шүүгчдийг бүхэлд нь ОУБХ-ноос томилон ажиллуулж байгаа. Уг нь улс орнууд өөрсдийн шүүгчээ авч очиж оролцуулдаг байсан юм. Иймэрхүү өөрчлөлтүүд шинээр орж байна. – Якутск хот энэ тэмцээнд хэрхэн бэлтгэж байна. Тэмцээний зохион байгуулалт хэр болох бол? – Якутскт анх удаагаа оюутны дэлхийн аваргын тэмцээн болж байна. БНУ-ын Засгийн газар, ЗБХороо ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа. Тэмцээнийг Якутскт 4 жилд нэг удаа зохион байгуулдаг “Азийн Хүүхдүүд” олон улсын наадмын Гүйцэтгэх хорооноос гардан хариуцаж удирдан явуулж байна. Тэмцээнийг “Триумф” спорт цогцолборт хийхээр болсон. Азийн хүүхдийн ОУ-ын наадам болдог учраас энэхүү хот нь спортын материаллаг нөхцлийн хувьд ихээхэн бэхжсэн юм. Тэмцээнд ОУБХ-ны шаардлагыг хангасан ринг, бээлий, бусад хэрэглэл материал ашиглаж, тамирчин, зочдыг өндөр хэмжээнд хүлээн авч, үйлчлэхээр бэлтгэж байна. Тэмцээнд 100 орчим сайн дурын ажилтанууд ажиллана. – Монголоос хэдэн тамирчид оролцох вэ? Ямар амжилт үзүүлэх бол. – Монголоос 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоно. Манайхан 09 сарын 05-ны өдөр эх орноосоо мордоно. Монголын оюутны шигшээ багийн боксын ахлах дасгалжуулагчаар МУГД, Азийн хошой аврага Х.Алтанхуяг, дасгалжуулагчаар А. Гантулга нар ажиллана. Тамирчидаар 49 кг-д Г.Ариунболд, 52 кг А.Нурлан, 56 кг Б.Билгүүн, 60 кг Б.Жавхлан, 64 кг Ц.Отгон-эрдэнэ, 69 кг О.Батзориг, 75 кг Ж.Отгонжаргал,81 кг Х.Бехнур нарын 8-н тамирчдаас гадна эмэгтэйчүүдээс 51кг Т.Болортуул, 60 кг-д М. Гүндэгмаа нарын 2 тамирчин оролцоно. Казаны Универсиадыг бодвол манай багийн ихэнх нь залуу тамирчид байгаа юм. Үндсэн баг Инчеоны Азийн наадамд зодоглоно. Бид залуу тамирчиддаа ихээхэн найдвар тавьж байна. Ялангуяа эмэгтэйчүүд анхны тэмцээндээ сайн тоглох байх. Эдгээр тамирчид маань бэлтгэл сайтай байгаа. Учир нь Азийн 2014 оны наадамд оролцохоор бэлтгэж байгаа нэгдүгээр багтайгаа хамт нилээн хугацаагаар цугларалтанд гарч, спаринг хийж харилцан бэлтгэлээ хангасан юм.

-Оюутны дэлхийн аваргын тэмцээний удирдах бүрэлдэхүүнийг ярина уу?

-Тэмцээнийг ОУОСХ-ны Ерөнхийлөгчийн томилсон баг удирдана. Монголын иргэн, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан энэхүү олон улсын багийг удирдан ажиллахаар болсон. Миний бие тэмцээний хянан шалгах комиссын даргаар ажиллахаар томилогдсон байгаа. Үндсэндээ Монголын иргэд боксын оюутны дэлхийн аваргын 6 дугаар тэмцээний үйл ажиллагааг ОУОСХ-ны зүгээс удирдах юм. Түүнчлэн ОУОСХ-ны боксын техникийн хороо, эмнэлгийн хорооны төлөөлөгч нар очино. ОУ-ын боксын холбооноос 2 төлөөлөгч ажиллана. Шүүгчдийг манай 2 олон улсын байгууллага хамтран томилсон байна лээ. Якутскаас олон улсын зэрэгтэй 3 шүүгч орж ажиллана. ОХУ-ын “РУСАДА” допингийн агентлагийн мэргэжилтэнүүд Якутскт очино.

-Тэмцээний талаар мэдээллийг яаж авах вэ?

-Тэмцээний мэдээллийг албан ёсны сайтаас нь авна. www.Sportsakha.ru – Танд баярлалаа. Амжилт хүсье. – Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж