Зуун жил зуд тохиогоогүй юм шиг... | News.MN

Зуун жил зуд тохиогоогүй юм шиг…

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Зуун жил зуд тохиогоогүй юм шиг…

Цас хунгарлангуут л өвөлжилт хүндэрлээ гэж халаглан шогширдог монголчуудын гаслан энэ жил илүү чанга сонсогдож эхэллээ. Өвөл болгон нэг бус аймгийг ширвээд өнгөрдөг зуд энэ жил илүү аймшигтай, хорлонтой байна. Сүүлийн үед гарч буй цаг агаарын мэдээлэл, Онцгой байдлын шуурхай мэдээ ч үүнийг баталж буй. Одоогоор 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндэрч, 1,7 сая мал хиараад байна. Золоор одоогоор хүний халуун амь эрсдээгүй. Гэвч малчдын амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Цаг агаар цаашид ч хатуурхсаар байх тул үхэр жилийн сүүлэн дээрх зуд хэчнээн хохирол, гамшиг дагуулахыг тааж хэлэх аргагүй юм. Эрх биш саналыг нь гуйж Төрийн ордонд залагдсан гишүүд нь малчдадаа туслахыг уриалж, эхнээсээ тусламжийн цуваа хөдөлгөхөөр амлаж байна. Үүнд улстөрчийнх нь тоглолт бас нэмэр болж буйг өгүүлэх юун. Гэвч зудад туйлдсан малчдад тэр нь хэдийхэн тус болж чадахыг хэлэхэд хэцүү. Нийслэлээс хөнгөлттэй үнээр өвс, тэжээл, элгэвч нэмнээ төдийхнийг явууллаа гээд ч яах билээ. Жилийн жилд халуун намраар хадлангаа бэлтгээгүй найрлаж явсан малчид хахир өвлөөр ийн аргаа бардаг дүр зураг  үргэлжилсээр. Зуд турхан, байгалийн гамшиг хэлж ирдэггүй нь үнэн. Гэвч хамарт нь туулахад л хатууг нь мэдэрч халагладаг зангаа хэзээ гээх юм болоо монголчууд. Зуны сар зургаа, намрын сар найм мэт санаж, өвөлд нь өлддөг түүх анхных биш ээ. Гэвч зуун жил зуд тохиогоогүй юм шиг гэнэдэж, гомдоллосон хэвээр. Хэдэн зуун жил малаа дагаж, цаг агаараа аргадаж амьдарсан малчид зудыг зуурхан ч мартахгүй бэлтгэлээ базааж  байх ёстой сон.
 
Хахир өвөлд зүдэж яваа малчдыг буруутгах хатуу санагдах байх. Гэтэл улсын төсвөөс тэжээдэг Онцгой байдлын бүхэл бүтэн газар, харьяалах яам тамгынхан яагаад жилийн жилд ингэж уйлан дуугарч байх ёстой юм бэ? гэж асуумаар байна. Хөдөөгийнхийг хэлэлтгүй нийслэлийнхний ч өвлийн бэлтгэл таг. Эхнээсээ байрууд хөлдөж, цахилгаан станцууд нүүрсний нөөцгүй болчихлоо. Халуун зунаар л өвөлжилт хүндэрч болзошгүй нь гэж дохио сэргэмж өгсөөр атал бэлтгэлээ базаадаггүй ангайж суудаг тэд хэдэн хүний амь сүйдэж, хэчнээн сая мал хорогдсоны дараа “сэрэх” ёстой юм болоо? Өвлийн өвөлд малаа хэдэн саяар нь хиаруулж, хүний алтан амиар “өргөл” өргөн, XXI зуунд зам харгуй нь цасанд боогдож, аймаг сумдтайгаа холбоо тасарч суудгаа халах болсон бус уу.
Энд ашиг шим тааруутай малаа дагаж, амь насаараа дэнчин тавьж, баян хүн нэг зуднаар гэдэг үгийг баталж суухын оронд өдөр ирэх тусам аашийг нь таахад хэцүүхэн болж хатуурхаж буй цаг агаарын эрсдэлээс бага хамааралтай эрчимжсэн мал аж ахуйн арга барилыг залах цаг болсон бус уу гэдгийг дахин сануулах юун.

Цагийн эрхшээлд баригдсан болхи аж ахуйн хэлбэрээсээ салж, эрсдлээс зайлсхийх эрчимжсэн аж ахуйг цогцлоохыг цаг агаар эрхгүй бидэнд сануулж, басхүү тулган шаардаж байна. Хэдий болтол нүүдэлчдийн удам хэмээн хэдэн малынхаа хойноос үр хүүхдийнхээ амийг зольж, өөрсдөө ч хүн ёсны бус хэцүүхэн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөх вэ дээ, малчид минь.

А.Алтантуяа 2010 оны 1 сарын 11

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж