Возняцки, Пэн Шуай нар хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Возняцки, Пэн Шуай нар хагас шигшээд шалгарлаа

Нью-Йорк хотноо үргэлжилж буй Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Мягмар гаригт болсон шөвгийн наймын тоглолтод тэмцээнд 10-т эрэмбэлэгдсэн Данийн Каролине Возняцки, БНХАУ-ын Пэн Шуай нар өрсөлдөгчөө хожсоноор шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор шалгарлаа.

Данийн Возняцки Италийн Сара Эрринаг 6:0, 6:1-ээр, БНХАУ-ын Пэн Шуай Швейцарийн залуу од 17 настай Белиндэ Бенчичийг 6:2, 6:1-ийн харьцаагаар хожлоо. Энэ жил 28 настай БНХАУ-ын Пэн Шуайгийн хувьд “Их дуулга” тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна. Тэрээр хагас шигшээд шалгарахдаа дөрөвт эрэмбэлэгдсэн Польшийн Радваньска, Италийн Роберта Винчи (28), Чехийн Сафарова (14) нарын шилдгүүдийг дараалан хожсон юм.

 

Нөгөө хэсгээс тэмцээнийг тэргүүлэн тоглож буй сүүлийн хоёр жилийн аварга АНУ-ын Серена Уильямс-Италийн Пеннетта(11), Беларусын Азаренка(16)-ОХУ-ын Екатерина Макарова (17) нар шалгараад байгаа бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд топ Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер, Стан Вавринка нарын зэрэг топ арван теннисчдээс зургаа нь шалгараад байна. Тэмцээнд аравт эрэмбэлэгдсэн Азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори шөвгийн наймд шалгарсан. Тэрээр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий аварга Швейцарийн Стан Вавринкатай тоглох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж