Оросын гэгдэх тагнуулчид хэргээ хүлээж эхэлжээ.

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Оросын гэгдэх тагнуулчид хэргээ хүлээж эхэлжээ.

АНУ-д баригдсан тагнуулчдын нэг нь болох Хуан Ласаро гэгч өчигдөр буюу 7.1-ний өдөр хэргээ хүлээж эхэллээ хэмээн Ассошейтед Пресс мэдээлжээ. Тэрээр өөрийгөө Оросын талд тагнуулаар ажиллаж байсан гэж хүлээгээд АНУ-ын нутаг дэсгэр дээр явуулж байсан тагнах үйл ажиллагааныхаа нарийн ширийн зүйлийг хэлж байгаа гэнэ. Энэхүү мэдээллийг Манхэттэн дэх Холбооны Шүүхэд илгээсэн материалаас иш татан мэдээлж байгаа бөгөөд Ласаро нь Нью Иорк мужийн Ионкерс хотод өнгөрсөн сарын 27-д баривчлагдсан байна. Мэдээллээс үзэхэд Ласаро нь уругвай гаралтай боловч Орост төрсөн байх магадлалтай бөгөөд одоогоор тэр өөрийн жинхэнэ нэр болон төрсөн газрыг хэлэхгүй гэж “гүрийж” байгаа аж. Гэвч АНУ-ын Холбооны Тагнуулын товчооны хийсэн бичлэгт тэрээр ярианыхаа дунд Сибирьт бага насаа өнгөрөөсөн гэж дурсаж байсан гэнэ. Мөн түүний амьдарч байсан байрны мөнгийг Оросын тагнуулынхан төлсөн гэж мэдээлэгдэж байгаа аж.
Энэ үеэр тагнуулын хэргээр баривчлагдсан өөр хоёр ч сэжигтнийг барьцаагаар суллаж гадуур байцаах асуудал шийдэгдсэн гэнэ. Тэд ч мөн өөрсдийн үйлдсэн хэргийг хүлээхэд бэлэн гэж хэлсэн бололтой байна. Харин бас нэгэн сэжигтэн болох Кристофер Метсос баригдалгүй зугтсаар байгаа ажээ. Эдгээр оросын тагнуул гэгдэж байгаа хүмүүс нь АНУ-ын дээд хүрээллийнхэнтэй холбоо тогтоон 10 гаран жил ажиллагаа явуулахдаа өндөр технологийн тухай болон бусад нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг Оросын талд дамжуулахаар хичээж байсан гэж ВВС мэдээлж байсан юм. Гэвч бусад мэдээллийн хэрэгслээр тэдэнд зөвхөн гадаадын засгийн газартай хууль бусаар харилцаа тогтоосон болон мөнгө “угаасан” хэргээр л буруутгаж ял онооно гэсэн мэдээ гарч байна.

М.Наст

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж