Гүйцэтгэх засаглалынхан нэгэнт сүр дуулиантайгаар зарласан болохоор өнгөрсөн намрын болон урьд жилийн буудайг зарж чадсан ч, эс чадсан ч тариаланчдын мөнгийг хэрүүл уруултай өгөх л болж байх шиг байна. Харин тариаланчдаа дэмжинэ хэмээн санд улаанбуудай хурааж авч, эргүүлээд түүнийгээ зарах хооронд хэдий хэмжээний хөрөнгө үрэн таран болж буйг бодоод үзэхэд гэмгүй биз. Учир нь тэд 2009 оны намар 340 мянган \тонн тутмын үнэ 290 мянга, үүн дээр урамшуулал 50 мянган төгрөг\ төгрөгөөр худалдан авч, өвлийг өнжин хадгалсан буудайгаа өнөөдөр тонн тутмыг нь 290 мянган төгрөгөөр зарах гэж буй. Үүний өмнөх ургац буюу 2008 онд 460 мянган \тонн тутам нь 400 мянган төгрөг үүн дээр урамшуулал 60 мянган төгрөг\ төгрөгөөр худалдаж авсан улаанбуудайгаа 330 мянган төгрөгөөр зарна гэж байгаа.
Гэтэл өнөөдөр зах зээл дээр өндөр чанартай “элдүүр нь ханасан” улаанбуудай 240-250 мянган төгрөгийн үнэтэй байгаад байдаг. Үүн дээр бас тухайн үед улаанбуудайг зах зээлийн үнээс дээгүүр үнээр цохин авч, төр өөр дээрээ сайн дураараа алдагдал үүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, 2008 онд зах зээлд улаанбуудай 320 орчим мянган төгрөг байхад 460 мянган төгрөгөөр худалдан авсан. Үүнийгээ одоо 130 мянган төгрөгөөр “хямдруулан” зарж байгаа гэдгийг санатугай.
Тэгээд, тэгээд ч 240 мянгаар авч болох буудайг 330 мянгаар худалдан авах тэнэг хэдий олон байх билээ? Үнэхээр л тариаланчдаа “дэмжиж”, өөрөөр хэлбэл яам, тамгын шахаанд орж хүчээр худалдаж авахгүй л бол.
Албаны тоо баримтаар бол 2008 оны үлдэгдэл буудай 60 мянган тонн, 2009 оных 120 мянган тонн байгаа. Тонн бүрээс 50-130 мянган төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэж багцаалбал манай мэргэн төр ямар сайхан “хүнлэг” наймаа хийж байгааг харж болно. Тайлбар нь “тариаланчдаа дэмжих”. Эх орныхоо хөрсөн дээр алтан сайхан буудай тарьж ургуулж байгаа тариаланчдаа дэмжихийн тулд манай төр ийнхүү хэдэн тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Гэхдээ төр мөнгө тарьж ургуулдаггүй. Төсвийн мөнгийг элдэв аян, марафон, сүржин уриалгадаа зориулан цацаж байгаа гэдгийг өгүүлэх юун. Энэ нь төр дандаа муу менежер байдгийг харуулж буй энгийн нэг жишээ. Тэгээд ч татвар төлөгчдийн буюу төсвийн хэдэн тэрбум төгрөг агуулах дотор хулганы хоол болж, мэргэн ухааны төлөөсөнд үргүй хийсэн одож байгааг тооцож үзэх хэрэгтэй байх. Тод харагдаж байгаа наад захын жишээ энэ. Үүнээс гадна атрын аянд зарцуулах ёстой хөрөнгийг шамшигдуулсан хэмээн Хүнс хөдөө аж, ахуйн яамны хоёр ч албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Үүнээс ч цааш идэж шамшигдуулсан, үргүй зарцуулсан зүйл их бий гэсэн шүүмж байнга өрнөж байдгийг энд хөндсөнгүй ээ. Зөвхөн авж, өгөлцөж буй үнийн зөрүүг жишиж харуулахад л нэг иймэрхүү.
Ийн зах зээлд ханасан үнээр шахах гэж буй улаанбуудайн хур нөөцийн чанарын талаар одоохондоо хэлэх баримт алга. Хэд хэчнээн нь товарын буудайнд тэнцэж, хэд хэчнээн нь малын тэжээл рүү шилжихийг. Албаны хүн “Бид одоо яаж хэлж мэдэх вэ, ялгаж үзэж байж л болно шүү дээ” гэх маягийн тайлбар хэлнэ лээ. Одоо байгаа мэдээллээр бол нөөцийн будааны 20-иос илүү хувь нь хөлдөж хайрагдсан. “Атрын III аян” эхлэхийн сургаар л тэнгэр, хангайн буянаар ургац арвин авч гэмээнэ хадгалах сав муутай талаар мэр сэр яригдаж л байсан. Нэмж агуулах барилаа л гэж лав дуулаагүй. Тэгэхээр хурааж, хадгалсан улаанбуудайг стандартын дагуу хадгалж чадав уу үгүй юу гэдгийг хэлэхэд бас хэцүү. Ийнхүү алгын чинээ газраасаа шагайн чинээ шар тос олчихоод отгон дүүгийнхээ аминд хүрчихдэг долоон бор оготны үлгэр шахуу л үйл явдал болж байна, Атрын III аяны эргэн тойронд.
Сануулахад, Атрын III аяны нээлтийн туузыг сүр дуулиантай хайчилсан өдрийн хоёр жилийн ой удахгүй болох гэж буй. Хоёр жилийн хугацаанд мөхлийнхөө ирмэгт ирлээ гэгдэж байсан газар тариалангийн салбарыг өөд татаад “эмчилчихнэ” гэж юу байх вэ? Гэхдээ тэнгэр хангай буянаар тэдэн тонн ургац авлаа, тэргүүний тариаланчдын энгэрийг цооллоо, тэрбум тэрбумаар нь хөрөнгө зарцууллаа гэхээсээ илүү зарцуулсан хөрөнгө ямар үр дүн, хатуухан хэлэхэд гай дагуулж, хий үрэгдэв ээ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй байх. Цаашдаа атрын аянаа матрын аян болгочихгүйн тулд. Атрын аянд 483,5 тэрбум төгрөг шаардлагатайгаас 113,5 тэрбумыг улсын төсөв, 41 тэрбум төгрөгийг зээл тусламжаар санхүүжүүлнэ гэж анх зарлаж байсан.
Мөн дашрамд сануулахад, 2008 оны дөрөвдүгээр сарын 25-нд Атрын III аяны нээлтэн дээр тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр “Хөтөлбөрийг урт удаан хугацаанд биш аль болох богино хугацаанд, тухайлбал 2008-2010 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж хэлсэн бөлгөө.
2010 оны 2 сарын 24 А.Алтантуяа