Залуу уран бүтээлч С.Жаргалмаагийн “Нартай бороо” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болох гэж байна.
Тэрбээр 2012 онд СУИС-ын Дүрслэх урлагийн сургуулийг Д.Батмөнхийн урланд суралцаж төгссөнөөс хойш дүрслэх урлагийн салбарт хүчээ сорьж яваа залуу уран бүтээлч юм. Уг үзэсгэлэнд 30 гаруй бүтээл дэлгэгдсэн ба түүний уран бүтээлүүдээс солонго адил, тэнгэрийн орон мэт өнгөний зохицол нь хүүхдийн гэгээн хүсэл, өөдрөг төсөөлөл өөрийн эрхгүй ажиглагдах ажээ. Оргилуун хүсэл, дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу зураач бүсгүйн бүтээлүүд амьдралыг хэчнээн өнгөлөг амттай илэрхийлсэнийг “Candy” хэмээх нэртэй хэд хэдэн бүтээлүүдээс та харж болох бөгөөд өөрийн амтыг мэдрэхийг урьж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18:00 цагт "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд долоон хоног үргэлжилнэ.
Б.ХАЛИУН