ИТАР-ТАСС/ Валерий Шарифулин
Оросын ерөнхийлөгч Владимир Путин “Сибирийн хүч” нэртэй хийн хоолойг барих ажиллагааны нээлтийг хийлгэлээ. Оросын хийг Хятадад нийлүүлэх экспортын гол суваг болох хоолойн эхний хэсгийг гагнан нийлүүлэх ёслол Якутын Ус Хатын суурины районд боллоо. “Шинэ хийн хоолой нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын нэн ялангуяа манай гол түнш Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц бэхжүүлнэ” гэж Путин есдүгээр сарын 1-нд хийгдсэн ёслол дээр мэдэгдлээ.
Орос, Хятад хоёр зүүн маршрутаар хий нийлүүлэх Засгийн газар хоорондын гэрээнд ирэх аравдугаар сард ггарын үсэг зурах бололтой. Баруун маршрутаар хий нийлүүлэх гэрээг хоёр орны тэргүүн нар уулзах арваннэгдүгээр сард байгуулж магадгүйг ярьж байлаа.
Хятадад хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар Путин ярихдаа, “Бид та нарын санал, хүсэлтэд чиглэн ажиллах болно” хэмээн хэлжээ. Путины хэлснээр, баруун маршрутын төслийг “Газпром” хангалтай хурданаар гүйцэтгэх боломжтой гэнэ. “Баруунаасаа хурднаар Газпром тэр төслийг хэрэгжүүлж чадна” хэмээн тэр онцолжээ. “Барууны маршрутын хувьд дэд бүтцийн талаасаа илүү их нөөц бололцоотой” хэмээн Хятадын талын төлөөлөгч Чан Гаоли хэлэв. “Хэрэв бид CNPC корпорацитай нягтран хамтрах юм бол “Газпром” түүнийг бүтээхэд бэлэн байна. Манай орнуудын лидерүүдийн уулзалтаар бид гэрээг байгуулж болох юм" хэмээн "Газпромын" тэргүүн Алексей Миллер өгүүлэв.
“Сибирийн хүч хоолойгоор хий нийлэх Засгийн газар хоорондын Орос-Хятадын гэрээг бид ойрын үед байгуулна. Аравдугаар сард гэрээ үзэглэгдэнэ. Бид Миллертай сайн найз нар болсон байгаа. Шуурхай шугамаар харьцаж байна” хэмээн БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Чан Гаоли мэдэгдлээ.
Хийн хоолойн тодорхойлолт
"Сибирийн хүч " хийн хоолой нь Эрхүү ба Якутын хий олборлолтын төвүүдийн хий тээвэрлэх систем болох бөгөөд мөн Оросын байгалийн хийг Азид нийлүүлэх экспортын суваг байх юм. Энэ жилийн тавдугаар сард Оросын "Газпром" Хятадын CNPC хоёр хийн хоолойгоор БНХАУ-д хий нийлүүлэх гэрээг байгуулсан юм. Гучин жилийн хугацаатай уг гэрээний дагуу, Оросын 38 тэрбум шоо метр хийг жил тутам Хятадад нийлүүлж байх юм. Түүний нийт үнэ нь 400 тэрбум ам.доллар орчим.
Хийн хоолойн урт нь 4000 км орчим (Якут – Хабаровск – Владивостокын чиглэлээр 3200 км, Эрхүү муж – Якутын чиглэлд – 800 км), хүчин чадал нь жилджж 61 тэрбум шоо метр хийг шахахад хүрэлцээтэй. Хийн хоолой нь одоо ажиллагаатай “Зүүн Сибирь-Номхон далай” гэх нефть дамжуулах хоолойн дагуу тавигдана. Тэр нь дэд бүтэц ба эрчим хүчний хангамжийн заррлагын хэмнэлтийг гаргах юм.
Эхний ээлжинд "Чаяндины нефть, хийн кондесатын орд-Благовещенск" гэсэн хэсгийн хийн хоолой баригдана. Дараагийн ээлжинд нь “Эрхүүгийн төвийг” “Якутын төвтэй холбосон хэсэг босох юм. Уг байгууламжийн хоолойнуудыг “Трубная металлургическая компани” (ТМК), Металлургийн нэгдсэн компани (ОМК), ЧТПЗ ба “Ижорский трубный завод” ("Северсталь"-ийн бүтцийн) үйлдвэрлэх юм.
Уг төсөлд 2,5 сая тонн төмөр хоолой шаардлагатай ба 2014-2018 онуудад 1,7 сая тонныг нь хийхээр төлөвлөжээ. "Сибирийн хүч" хоолойн тендерийн уралдааныг 2013 оны зургадугаар сард явуулахад 7 тэрбум рублийн гурван лотыг ОМК, ЧТПЗ , "Северсталь" компаниуд ялан авчээ.
ОМК нь 30 мянга гаруй тонн хоолойг одоо ачуулаад байгаа юм. Үүнээс гадна “Зүүн хөтөлбөртөө” энэ оны долдугаар сард "Газпром" 34,6 тэрбум рублиэр төмөр хоолой худалдан авсанаас 11,924 тэрбум рублиэр нь Иван Шабаловын "Трубные инновационные технологии" трейдерээс хоолой авчээ. Энэ компани нь байрлуулагдсан 23 лотын 12-ыг нь авсан юм. Выксуны металлургийн завод /ОМК-д хамрагддаг/ 6,286 тэрбум рублийн, Челябинскийн трубопрокатный завод – 6,975 тэрбум рублийн, "Северсталийн" Ижорский трубный завод – 5,177 тэрбум рублийн, "Торговый дом "ТМК" 2,525 тэрбум рублийн гэрээг тус тус Газпромтой байгуулсан байна.
“Сибирийн хүчний” үндсэн нөөц нь 1,2 их наяд шоо метрийн нөөц бүхий Чаяндинскийн ба 1,5 их наяд шоо метрийн хэмэжээтэй Ковыктинскийн хийн ордууд юм. Чаяндаас жилдээ, 25 тэрбум шоо метр хий, 1,5 сая тонн нефть олборлохоор төлөвлөжээ. Чаяндын хийгээр эхлээд хоолойг дүүргэнэ хэмээн Владимир Путин хийн хоолойн байгуулалтын нээлт дээр хэлсэн байна.
Чаяндын хийн ордыг товхинуулах ажил 2015 оноос хийгдэнэ. Хий олборлолтыг 2018 оны сүүлчээр төлөвлөсөн ба Хятадад эхний хэсгийг 2019 оноос эхлэн нийлүүлнэ.
Хоолойн үнэ
“Сибирийн хүч” хоолойг бүтээх зардал нь барагцаалбал 770 тэрбум рубль гэж материалуудад нь тусгагдсан байна.
"Газпромын" тэргүүн Алексей Миллер өмнө нь ярихдаа зүүний дэд бүтэц ба Чаянд, Ковыктын ажиллагааг эхлүүлэх нийт зардлыг 55 тэрбум ам.доллар гэсэн байлаа.
Хэрэв хийн хоолойн монополи “Газпромд” үлдсэн тохиолдолд уг компани Хятадын урьдчилсан төлбөрийн 25 тэрбум долларыг төсөлд оруулах бөгөөд улсаас дэмжлэг авч болох талтай. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сард компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаан дээр улсын дэмжлэг авахгүй гэж менежмент нь хэлж байгаа.
Бие даасан сонирхол
“Сибирийн хүч” хоолойд хийн бие даасан үйлдвэрлэгчид оролцох хүсэлтэй байгаа. Зургадугаар сарын эхээр, Түлш, эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх ерөнхийлөгчийнкомисс дээр “Сибирийн хүч” үндэс нь болсон Зүүн хязгаарын хийн хөтөлбөрийн хоолойнуудыг байгуулахын тулд нефть, хийн салбарын компаниудын консерциум байгуулах асуудлыг гаргаж ирсэн юм. Мөн бие даасан үйлдвэрлэгчид, нефтийн компаниудын дагаварын нефтийн хийг экспортын хэмжээнд оруулах талаар бас ярилцсан байв. Үүний дагуу Засгийн газартаа есдүгээр сарын 1 гэхэд бие даасан компаниудад экспортын эрхийг шинэ орд газруудаас олгох боломжийн талаар санал боловсруулахыг Владимир Путин үүрэгдсэн билээ.
Орох тасалбар
"Сибирийн хүч " хоолойг барих нь зөвхөн Ковыкта, Чаянда хоёрын ордыг биш мөн хоолойн дагуух бусад үйлдвэрлэгчдийн жилдээ 25 тэрбум шоо метр хийг татах боломжийг өгнө гэж Эрчим хүчний сайд Александр Новак хэлж байв.
Инфографика: Оросын хийг Хятадад гаргах нийлүүлэлт
Инфографика ИТАР-ТАСС
2020 он гэхэд жил тутам 16 тэрбум шоо метр хийг өөрийн ордуудаас уг хоолойгоор нийлүүлэхэд бэлэн гэж "Роснефть" мэдэгдсэн байгаа. Харин “Газпромын” тэргүүн Алексей Миллер “Сибирийн хүч” хоолойд бие даасан үйлдвэрлэгчдийг оролцуулахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Хоолойг Хятадын CNPC корпорацитай байгуулсан гэрээний хийг нийлүүлэхэд л зориулсан гэж Миллер хэлжээ. Тэрээр Газпром хоолойг дүүргэж чадна гэж үзэж байгаа юм байна.
Хариуд нь "Роснефть" өөрийн байр суурийг шүүхэд хамгаална гэв. Гэхдээ тийм зүйлд хүрэхгүй байх.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР