Уран сайхны гимнастикийн тэмцээнд гялалзаж явсан татар гаралтай энэ бүсгүй уран сайхны гимнастикийн од байснаа ахархан хугацаанд олон нийтийн зүтгэлтэн, улстөрч болон “суга дээшилсэн”. ОХУ-д нэр хүндээ бүрэн олсон, монголчуудын ярьдгаар “бор халзан бяруу ч нэр дэвшсэн ялах магадлалтай” Нэгдмэл Орос намаас ДУМ-д нэр дэвших квот авч чадсаны учир нь Ерөнхийлөгч В.Путинтай холбоотой байсан нь ил болсон. Одоо бол тэд хамт амьдардаг. Ерөнхийлөгч ч энэ талаар мэдээлсэн хэвлэлийн амыг барих гэж оролдохоо больж А.Кабаеватай холбоотой мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн ” "Московский корреспондент»” сонин дээрх үйлдлийнхөө төлөө хаагдаж байсан. Мөн албан ёсны эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан билээ. Өөрөөр хэлбэл, Алина Кабаеваг оросууд“албан бус” тэргүүн хатагтай гэж хүлээж авдаг болчихсон. В.Путин хэдийгээр Людмила Путинагаас салснаасаа хойш айлчлал, ёслолын арга хэмжээнд ганцаараа орж байгаа ч хэзээ А.Кабаеваг ил гаргах вэ гэдэг асуудал олон нийтийн сонирхлыг татсаар байгаа юм. Бид энэ удаа дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөөтэй удирдагчдын нэгийг өөртөө дурлуулж чадсан Алина Кабаевагийн талаархи мэдээллийг хүргэж байна. Магадгүй, маргааш В.Путинтай хөтлөлцөөд Буянт Ухаад буух ч юм бил үү.
Алина Маратовна Кабаева 1983 оны тавдугаар сарын 12-ны өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотод төржээ. Эцэг Марат Вазыхович Кабаев нь татар үндэстэн, мэргэжлийн хөлбөмбөгч байжээ. Тэрбээр 1980-1986 онд “Пахтокор” багийн бүрэлдэхүүнд багтан ЗХУ-ын АШТ-д хүч үзэж, 1993 онд Павлодарын “Трактор” багийн бүрэлдэхүүнд багтан Казахстаны АШТ-д түрүүлж байв. Эх Любовь Михайловна нь орос үндэстэн, Узбекистаны сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч байсан аж.
Алина 1995 онд 12 настай байхдаа анх Ирина Винерийн удирдлагад уран сайхны гимнастикаар хичээллэх болсон бөгөөд тамирчин байх хугацаандаа ДАШТ-ий ес, Олимпийн нэг удаагийн алтан медалийг зүүжээ.
Тэрбээр 2000 оны олимпод багийн анддаа ялагдан хүрэл зүүж, 2004 онд Афинаас алтан медаль хүртсэн байдаг. Дээрх хугацаанд дэлхийн дэвжээнд босоо байсан түүнийг 2008 оны Бээжингийн олимпод оролцоно гэж таамаглаж байсан ч тэрбээр 2007 онд зодог тайлсан билээ. Энэ үеэс дараагийнхаа ажил болох улс төрд ханцуй шамлан зүтгэсэн.
Алина 2001 онд Нэгдмэл орос намын гишүүн болжээ. Улмаар зодог тайлахаасаа ч өмнө 2005 онд “ЮКОС”-ын босс асан М.Ходорковскийд ял оноосныг эсэргүүцсэн захидлал бичиж, олон нийтэд анх улстөрч болох мессежээ өгсөн байдаг. Тэр жилээ ОХУ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээс сонгогдож, 2007 он хүртэл ажиллажээ. 2007 онд тэрбээр манай УИХ-тай дүйцэх ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүн болсон. 2008 онд "Национальная Медиа Группа» төрийн өмчит компанийн даргаар сонгогджээ.
Гэвч энэ бүх амжилт юу ч биш байсан юм. Алина жинхэнэ утгаараа “од” болсон үе бол 2008 оны дөрөвдүгээр сар. Дээр дурьдсан "Московский корреспондент» сонины дугаарт В.Путин А.Кабаеватай гэрлэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч, дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Энэ бол маргаангүй, дэлхийн хэмжээний шуугиант материал байсан юм. Харин одоо бол тэр ОХУ-ын тэргүүн хатагтай болсон бөгөөд албан ёсных болох эсэх нь зөвхөн В.Путины хүслээс хамаарах асуудал болжээ.
Хэвлэлүүд түүнийг 2009 онд ДУМ дахь “од” гишүүдийн дундаас хамгийн их орлого олсон төрийн түшээгээр тодруулж байсан. Тэрбээр ХОМ-дээ 12.9 сая рубль олсон гэж мэдүүлжээ.
2010 онд тэрбээр ДУМ-ын хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн жагсаалтад оржээ.
Тэрбээр Барбара Фаерын найруулсан “Берлус Путин” жүжигт дүр бүтээсэн.
Мөн “Огонёк” сэтгүүлээс тодруулсан “2014 оны ОХУ-ын хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтад наймдугаарт бичигджээ. Ингээд “Албан бус” тэргүүн хатагтай Алина Кабаевагийн зургийн цомгоос хүргэж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn