Х.Болор-Эрдэнэ: Үзгээ шүүрээд агуу их уур хилэн үйлдвэрлэмээргүй байдаг

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Х.Болор-Эрдэнэ: Үзгээ шүүрээд агуу их уур хилэн үйлдвэрлэмээргүй байдаг


Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн гишүүн, “Алтан-Өд 2009” наадмын тэргүүн шагналт зохиолч  Х.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Диваажингийн хоригдлууд”, “Би, бид хоёр” зэрэг олон ном зохиолоороо уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн.


-Тантай нэг их сайхан ярилцах юмсан гэж хичнээн удаан хүлээв ээ. Ингэж нэг мөрөөдөл минь биелэх гэж?

-Баярлалаа, надтай ярилцах гэж яагаад тэгтлээ хүссэнийг чинь ойлгохгүй байгаа ч баяртай байна аа. Мөрөөдөл ч хүчтэй шүү.

-Мөрөөдөл хүчтэй гэдгийг та өөр дээрээ ойлгож мэдэрсэн үү? Нээрээ, энэ талаар цахим хуудсан дээрээс чинь уншиж байсан юм байна?
-Хүсэл мөрөөдөлгүй хүн жигүүргүй шувуу л гэсэн үг. Миний хувьд багын л их мөрөөдөмтгий хүүхэд байлаа. Өнөөдрийн миний амьдарч байгаа амьдрал мөрөөдлөөс минь ургасан юм шүү дээ. Өөрийн амьдрал дээр бодол санаа, хүсэл мөрөөдлийн энерги маш их хүч агуулж байдаг гэдгийг ойлгож мэдэрсний хувьд оюун санаагаа дур зоргоор нь тавих дуртай. Би хэн нэгэнд гомдол тээгээд л яваад байвал тэр хүндээ ч, өөртөө ч таагүй нөхцөл байдлыг хар аяндаа авчирдаг гэдгийг ойлгосны хувьд уучилж сурлаа. Бас оюун санааны хүлээсэнд орсон хүн бодол санаагаа ч эрх чөлөөтэй тавьж чаддаггүй гэдгийг анзаарч аль болох бодлоороо аялж сурлаа. Эргэлзээтэй төсөөлөл, айдастай бодол санаанууд далд ухамсарт нөлөөлж тэр нь бидэнд хүсмээргүй ирээдүйг бүтээж явдгийг мэдсэний хувьд өөдрөг, эерэг зураглалуудыг бүтээж сурлаа. Гэх мэтээр амьдралаас өөрийнхөө хэмжээгээр мэдлэг хуримтлуулж л байна.

-Та ер нь шаналдаггүй байх аа. Шаналлыг тань хуваалцдаг ертөнц таны уран бүтээл учраас ингэж асууж байна л даа?

-Шаналдаггүй, гуньж гутардаггүй хүн гэж хаа байхав дээ. Миний шаналгаа, миний зовлон бол миний л асуудал учраас хаа таарсан газраа гаргаж цацаад байдаггүй болохоор хүмүүст нэг их инээж ханиасан хүн харагддаг байх л даа. Мэдээж, асуудлууд гаралгүй яахав. Тийм тохиолдолд би зүгээр л ном уншаад суучихдаг. Эсвэл юу ч бодохгүйгээр хүүхдүүдтэйгээ тоглож, ойр хавьд байгаа хүүхдүүдийг дуудаж цуглуулаад бужигнуулчихдаг. Хүүхэд бол тэр чигээрээ эм шүү дээ. Шууд л аз жаргалыг зохиож өгдөг юм. Тэрнээс биш шаналахаараа л үзгээ шүүрээд агуу их уур хилэнг үйлдвэрлээд байхыг хүсдэггүй. Үг бол маш хүчтэй зэвсэг учраас түүгээр хамаагүй тоглохыг хүсдэггүй.

-Сонирхолтой байна шүү. Үгээр нааддаг хүний амнаас үгээр тоглодоггүй гэсэн үг дуулсан чинь?
-Үгээр тоглож болохгүй ээ. Олон мянган жил хэрэглээд ирсэн үг гэдэг ямар хүчтэй энерги агуулж байдаг бол гэж бодох үе олон. Тиймээс амнаас унасан хий бүхнээ цаасан дээр буулгаж амилуулаад байх дургүй. Заримдаа зохиолын маань аль нэг баатар хаа нэгтэй амьдарч байж ч мэдэх юм гэсэн мэдрэмж төрдөг. Тийм учраас үхлийн тухай, эмгэнэлийн тухай хамаагүй бичихээс их айдаг. Санаа дагаад ч тэр үү бичсэн зарим өгүүллэг маань зөгнөл шиг биелчих явдал бас тохиолдоод л байдаг юм.

-Жишээ нь..?
-Өөрийнхөө амьдрал дээрээс ажигласан болохоор энэ тухай нэг их дэлгээд баймааргүй байна л даа.

-Та саяхан хоёр ч туужаа хэвлүүлж, номын баяраа хийсэн. Таны номын баярт голдуу уншигчид тань ирсэн харагддаг?
-Мэдээж уран бүтээлч найз нөхөд маань ирэлгүй яахав. Миний хувьд цахим хуудсаар дамжуулаад уншигчидтайгаа байнга холбоотой байдаг болохоор баяр, жаргал бүхнийг минь сэтгэлээсээ хуваалцах олон зочинтой суудаг хүн байгаа юм. Тиймээс шинээр төрж байгаа бүтээл бүхнийг уншигчдынхаа хамт өлгийдөж авахыг зорьдог. Тэд ч гуйлгаж барилгүй гүйгээд л ирдэг.

-Таныг утга зохиолын хүрээнийхнээсээ нэлээд дөлдөг, тэр бүр ойртож дотносоод байдаггүй гэж дуулсан юм байна. Яагаад тэр вэ?
-Ойр дотно л байдаг шүү дээ /инээв/. Магадгүй миний хувьд архи дарс ууж, айл хэсэж, зугаа цэнгэл эрж, наргиж сураагүй болохоор тэгж хэлэгддэг байж мэдэх л юм. Хүн л юм болсон хойно өөртэйгээ ижил хүнийг эрж хайлгүй яахав. Тэглээ гээд чухам ямар аргаар тэдний дунд ордгийг мэдэхгүй байна. Хадаг барьж хэн нэгний урд хойно орж гүйх үү, архи барьж аль нэг мундаг нөхрийн гэрийн үүдээр эргэлдэх үү? Мэндлээд өнгөрсөн танилуудаа уриалан дуудаж баар саваар хөндөлсөх үү? Бүү мэд. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд оролцох ёстой арга хэмжээндээ оролцоод л явдаг гэж боддог.

-Ингэхэд таны хамгийн дотны найз хэн бэ? Энэ талаар огт ярьж байгаагүй шиг санагдаж байна?

-Эрдэнэсолонго гээд нэг залуу бий.

-Юу гэнэ ээ? Тэр чинь таны нөхөр шүү дээ?
-/инээв/ Тэгээд юу гэж? Эхнэр нөхөр хоёр найз нөхөд шиг дотно сайхнаар нөхөрлөж болохгүй гэж үү? Хүмүүс эхнэр, нөхөр нэрийн дор аль нэгнийгээ баглаж хүлээд сурчихсан байдаг. Жишээ нь, нөхөр нь тэжээдэг нэртэй эхнэрээ боолчилж, эхнэр нь нэг л их сайхан гэрийн эзэгтэйн дүрээр шомбойгоод суудаг байдалд би дургүй. Бидний хувьд өөр. Бид бие, биенээ хэнээс ч илүү ойлгож, дэмжиж, заримдаа хатуу шүүмжилж чаддаг.

-Уран бүтээлийн тал дээр үү, эсвэл бүх зүйл дээр үү?
-Найз нөхөр гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр л ойлгодог байх. Өөр хэний ч дэргэд түүнтэй хамт байдаг шигээ би чөлөөтэй, тайван байдаггүй. Өөр хэнтэй ч ярьдаггүй олон нууцаа нөхөртэйгээ хуваалцдаг. Бас хүнд хэцүү үед өөр хэнд ч найдаж хийлгэхгүй зүйлээ нөхөртөө итгэж хүлээлгэдэг. Тэгэхээр бүх зүйл дээр гэж хэлж болно.

-Гэхдээ л нөхөр гэдэг зарим нэг асуудлаа хамаагүй дэлгээд байж болохгүй хүн шүү дээ. Жишээ нь та уран бүтээлч хүн. Ямар нэг байдлаар танд өөр залуу таалагдах, өөр хэн нэгэнд сэтгэл алдрах гэх мэт асуудал байдаггүй гэж үү?
-Нүдээр харах шохоорхол, зүрхнээс ундрах хайр гэдэг өөр зүйл шүү дээ. Нүд хужирлах сайхан залуус олон байдаг ч оюун санааны тохироо, шударга харилцаагаар торж үлдэх нь ховор шүү.

-Таны нөхөр яруу найрагч хүн. Заримдаа өөр хэн нэгэнд зориулсан хайрын сэдэвтэй шүлгүүд бичдэг л байж таарна. Тийм тохиолдолд та яаж ханддаг вэ?
-Би чинь эротик өгүүллэг хүртэл бичдэг хүн шүү дээ. Тийм тохиолдолд манай нөхөр яаж ханддаг бол гэж чамд бодогдохгүй байна уу?

-Тэгж санагдаж байсан шүү?
-Бидний цаасан дээр буулгаж байгаа бүхэн энгийн л нэг мэдрэмж, төсөөлөл, бүтээлүүд байдаг. Зарим хүн амьдралаа байгаагаасаа хэтэрхий гоёчлон хүмүүст харуулахыг хүсдэг шиг санагддаг. Тэгвэл бидний хувьд тэр хүслээ бусдад зориулж биш, өөрсдийнхөө сэтгэл зүрхэнд шингээж амьдрахыг зорьдог. Хэн хэн нь оюун санааны хувьд ямар нэгэн зүйлээс уяа хүлээсгүй байж, эрх дураараа амьдрахыг л хүсдэг. Улсын бүртгэлд данстай гэр бүл хэдий ч бидний хувьд бусад хүмүүсээс арай ондоо. Гэхдээ энэ нь замбараагүй садарлал, утгагүй дарвиж зугаацдаг өнөөгийн зарим хүмүүсийн амьдралын хэв шинж биш шүү. Бид ердөө л бие биенээ хүндэлдэг юм. Тэр утгаараа хамгийн санаанд оромгүй зүйлсээс ч бид аз жаргалыг олж хүртэж чаддаг.

-Саяхан нэг зохиолч “Би эротик өгүүллэг бичиж доошоо орохгүй” гэх утгатай ярилцлага өгсөн харагдсан. Та энэ чиглэлээр гурван ч ном бичсэн хүн. Эротик зохиол бичнэ гэдэг тийм дорд орсон байдал уу?

-Зүгээр суугаагүй, хүнээс хуулаагүйдээ бардам байдаг. Эротик мэдрэмж, бэлгийн таашаал, сонирхол эрүүл саруул хүн бүхэнд адилхан өгөгдсөн байдаг. Байгалиас өгөгдсөн тэр мэдрэмжийг өдөөх, түүгээр дамжуулан хайр, гоо үзэсгэлэн, үүлэн борооны тансаг байдлыг илэрхийлэх нь гэмт хэрэг гэж бодохгүй байна. Бас хүмүүсийн ёс зүйн тал дээр ч зарим нэг зохиолоороо сануулга, сэрэмжлүүлэг өгөхийг зорьсон. Гэр бүлийн завхрал, садарлал ямархуу харамсалд хүргэдэг талаар л бичдэг. Ямар нэгэн байдлаар үзэг цаастай ноцолддог хүмүүс л үүнийг бичиж, хүмүүст хүргэнэ биз дээ? Яахав, чиний яриад байгаа тэр хүнд энэ талын мэдрэмж, таашаал төрдөггүй хүйтэн, зэвэргэн, эсвэл ямар нэгэн өвчин хуучтай байхыг үгүйсгэхгүй. Зарим нэг хүн бусдад сексийг үзэн яддаг журамт хүн мэт харагдаж, таалагдахыг хүсдэг байж ч болно. Тийм хүмүүс ихэнхдээ бүтээл биш, хэлбэр хийгээд суудаг. Аль нь ч байлаа гэсэн би өөрийнхөө хувьд бичмээр санагдсан зүйлээ л бичих болно. Ямар ч хэлбэрээр хүмүүст санаагаа ойлгуулж болно биз дээ. Зарим нэг хүнээс илүү бичиж, илүү олон төрлөөр оролдож чадаж байгаа маань эгдүүг нь хүргээд байгаа бол уучлаарай л гэе дээ. Тэгээд ч сексийн эрх чөлөөг Хятад, Хойт Солонгос хоёрт л хориглодог шүү дээ. Хуучин цагт ийм сэдвээр бичсэн зохиолчийг эсэргүү, шулам гэж үзээд дүүжлэх юм уу шатаадаг байсан. Тийм үзэл санааг өнөөгийн XXI зууны иргэншсэн, эрх чөлөөтэй, оюунлаг нийгэмд, тэр тусмаа зохиол бичдэг хүн өөртөө тээж явна гэдэг аймшигтай.

-Таны “Диваажингийн хоригдол” нэрээр хөтлөдөг блог их сонирхолтой юм билээ. Маш олон хүн өөрийн гэсэн уншигч, найз нөхөдтэй болсон харагддаг. Блогоороо холбогддог хүмүүс байдаг ч таных арай л өөр санагдсан?
-Эхлээд намайг чинь “Зохиолч хүн байж залуу хүүхдүүдтэй зэрэгцэж блог хөтлөөд, зохиолчдын нэр хүндийг унагалаа” гэж хүртэл зэмлэдэг байлаа шүү дээ. Тэгсэн сүүлийн үед тэдгээр хүмүүс өөрсдөө миний жишгээр блог хөтөлдөг болоод байгаа. /инээв/ Орчин цаг, хөгжил, цахим хэрэглээ… Энэ салангид утгатай өөр өөр үгнүүдийн ард бүхэл бүтэн ертөнц, цаг үе оршиж байна. Монголчуудад эхэндээ цахим хуудсаар харилцаа тогтоож, цахим ертөнцөд бүтээлээ дэлгэх нь чаатаар танилцдаг шиг л гаж үзэгдэл мэт санагддаг байсан байх л даа. Одоо бол тэгж үзэх хүн үлдээгүй. Бүтээлүүд, нөхөрлөлүүд, ойр дотно үзэл санаанууд, танихгүй хэрнээ садан төрөл мэт дотно хүмүүс энэ цахим ертөнцөөс л бие биенээ олж авч байна. Миний уншигчид ч бас анх блог хөтөлж эхэлснээс минь хойш л намайг мэддэг болсон. Гавьяа шагналаар нүүрээ тахалж, намтараа засаж, аль нэг ном товхимолд зохиомол зүс царайтайгаар хэвлэгдэж бусдад танигдаагүй ээ, би. Бичсэнээ хүссэн цагтаа нийтлэж, хэнийг ч гуйж царай алдалгүй, бас хэнд ч халаасны мөнгө өгч шүүмж нэртэй магтаал бичүүлэлгүй цахим хуудсаар дамжуулан бүтээлээрээ би өөрийнхөө уншигчдыг олж авсан. Тиймээс тэр хуудсан дотроо орж гарсан болгоныг оюун санаагаараа дайлаад л гаргадаг. Миний үзэж туулсан амьдрал, алдаа оноо, хийсэн бүтээсэн бүхэн маань цаг алдалгүй тэрхүү хуудсан дээр минь хэн нэгний цензургүйгээр гарчихаад байдаг болохоор уншигчдад ойр дотно байдаг байх. Үнэндээ уйгагүй хөтөлсөнийх, зогсолтгүй бичиж, том бага гэж гололгүй хүмүүсийг угтан авч, үдэн гаргадаг байсны хүчээр муухан сайтнаас илүү олон зочинтой байдаг болсон шүү.

-Саяхан та “Гал урсгал” нэртэй бүлгэм байгуулсан байсан. Энэ бүлгэмийнхээ талаар ярихгүй юу. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Би санаачлаад байгуулчихсан юм биш ээ. Хэсэг залуучууд ярьж сууж байгаад ийм нэртэй нэг бүлгэм байгуулъя гэж шийдсэн хэрэг л дээ. Би тэнд нь байж таарсан. Ганц нэг санаа л хэлсэн. Гэтэл нэг мэдсэн чинь тэр бүлгэмийн дарга нь ч болоод явчихсан уу, яасан. Утга зохиолын дээд сургуулиас төрөн гарсан олон авьяаслаг залуус энэ бүлгэмд маань сайн дураараа нэгдсэн. Бид бүгдээрээ залуу хүмүүс. Тэр утгаараа тэдний маань салбар бүрт хийж бүтээж байгаа ололт амжилтууд “Гал урсгал” бүлгэмийн гол зорилго юм. Би бүтээж байна, чи бүтээж байна, бид бүтээж байна. Бүгдээрээ нийлээд ирэхээрээ нийт олныхоо тусын тулд тодорхой хэмжээний бүтээл туурвил, тустай үйл болж л таарна. Өнөөдөр бид хэн нэгэнд залуу, дутуу, түүхий харагдаж байж болно. Маргааш гэхэд л бүх зүйл өөрчлөгдсөн байна шүү дээ. Өнөөдрийг үүрд ийм байх мэтээр харж дассан олон хүмүүсийн нүдний өмнө бид хамтдаа сурч, хөгжиж, өөдөлж дэгжих л болно. Тийм учраас нэгдэж нийлэх нь зүйтэй гэж шийдсэн юм. 

-Зохиолынхоо санааг хэрхэн олдог вэ?

-Яагаад архинд орсон бэ гэдэг шиг сонин асуулт байна. Хариулахгүй байж болох уу?

-Болно оо. Мартсанаас таны “Үргэлжлэхгүй” нэртэй тэр өгүүллэг өөрийн гэсэн таван хүүхэдтэй гэж дуулсан юм байна?
-Хүн гэдэг оюун санааны бас хайрын бүтээл байдаг. Хүнийг бүтээхэд дурлал, хайр гэдэг зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг шүү дээ. Хүүхэд гэдэг бол тэр чигээрээ л хайрын эзэд. Хайр төрөх гэж байна. Хайр ирж байна. Ирээдүй төрж байна, зорилго мэндэлж байна. Таны амьдрал хэцүү, дарамттай, ямар ч байлаа гэсэн амьдрал танд хишгээ хайрлаж байна шүү дээ. Тийм хишгээс татгалзаж болно. Тэгэхийн тулд урьдчилан хамгаалах л хэрэгтэй. Тэгж чадаагүй байж хүн бүтээчихдэг. Тэрнийгээ хэвлийд нь устгаж, мөчилж тасдаж, өөдсийн чинээхэн амьтаны зовлогоор тоглох хэрэг юу байна аа? Та хайрыг устгаж байна. Устгахдаа бүр яргалж, тамлаж байж устгаж байна шүү дээ. Тиймээс л үр хөндөлт нэртэй тэр том харгислалыг эсэргүүцэж “Үргэлжлэхгүй” нэртэй нэг өгүүллэг бичсэн юм. Уншигчдаас надад захиа их ирдэг л дээ. Амьдрал, хайр сэтгэл, адармаатай зөрчилтэй асуудлуудаа хүртэл хүмүүс бичсэн байдаг. Тийм захидлууд дотор энэ өгүүллэгийг уншаад үр хөндөлтөөс татгалзаж төрүүлсэн хүүхдийнхээ зургийг хүртэл хавсаргаад явуулсан тохиолдол гарч байлаа. Зарим нь блог дотор үлдээсэн сэтгэгдэлдээ хүртэл бичсэн байсан. Тоолоод байтал энэ өгүүллэгийг уншаад хэвлий дэх хүүхдээ устгалгүй төрүүлсэн таван тохиолдол байсан.

-Таны үеийн зохиолчдын бүтээл хоорондоо ялгарахгүй байна гэсэн шүүмж бий. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Миний өгүүллэгүүдийг хэн нэгнийхтэй адилтгавал тэр хүн өөрөө инээдтэй байдалд орох байх. Уншиж үзээгүй юм уу, эсвэл ерөөсөө шинэ сэргэг сэтгэлгээг  ойлгох, хүлээж авах булчирхай байхгүй, байсан ч тэр нь устчихсан хүн л ийм зүйл ярьж суугаа байх. Зохиол бүр эзнээ илтгэдэг. Хэрвээ зохиолч хүн ийм зүйл ярьсан бол ямар ч мэдрэмжгүй байна гэсэн үг. Хэрвээ улс төрч хүн ийм зүйл ярьсан бол мэдэхгүй зүйлдээ хошуу дүрэх хэрэг байна уу гэмээр байна. Хэрвээ эх хүн ийм зүйл ярьсан бол хэдэн хүний хэдэн янзын хүүхэд төрүүлчихээд ялгааг нь огт ойлгож мэдрээгүй хүн байна л гэмээр байна. Хэрвээ эцэг хүн ийм зүйл хэлж суугаа бол эхлээд өөрийн хүүхдүүдийнхээ сэтгэлийн гүнд нэг удаа ч гэсэн өнгийж харсан уу гэж асуумаар байна.

-Та насаар харьцангуй залуу хүн гэхэд олон номтой. Цаашид энэ тоо өсөх нь дамжиггүй?
-Ном гаргаж, тоог нь олшруулах миний зорилго биш л дээ. Тэгтлээ ямар нэг өөрчлөлт, хөгжлийг Монголын утга зохиолд хийх гээд шамдаад суугаа зүйл ч байхгүй. Бичих дуртай, бичсэнээ бас өөрийнхөө хэмжээнд ойлгож ухаарсанаа хүмүүст хүргэхийг л хүсдэг юм. Тэр утгаараа эхлээд бэлэн болсон зохиолоо хамгийн том редактор болох цахим уншигчиддаа хүргэдэг. Дараа нь тэрнийгээ уншигчдынхаа хүсэлтээр олон нийтэд зориулан хэвлэн нийтлэдэг.

-Та Монголын утга зохиолын хөгжлийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй гэж үү?

-Утга зохиолын хүрээн дотор нэг тийм болхи үзэгдэл элбэг байдаг. Шинэчлэгч гэдэг нэрийг зүүхийн тулд баахан хэлбэр үйлдвэрлэж, тэр хэлбэртээ өөрийгөө захируулчихаад зүгээр л өнхрөөд байдаг. Хүн хоол идэхдээ хэлбэрт нь цаддаггүй биз дээ? Гэтэл тэр хоосон, зохиомол, бүр ичмээр дуураймал хэлбэрээрээ хүмүүсийн оюун санааг цатгана гээд дайраад байдаг нөхдийг би ойлгодоггүй. Өөрийн сэрэл мэдрэмж, өөрийн өнгө төрх, өөр хэнийхтэй ч адилтгаж боломгүй хувь ертөнцийнхөө тухай тэд бүр таг мартчихсан байдаг нь харамсалтай. Ийм хоосон зүйлийн төлөө тэд юу хийдэг гэж бодож байна?

-Юу хийдэг гэж?

-Бүр юу ч хийхээс буцахгүй болчихсон байна гээд бод доо. Наад зах нь алдартай, авьяастай байсан, аль эрт бидний дунд байхгүй болчихсон хэн нэгэн найзынхаа төрсөн охиныг эргүүлдэж байна. Аль эсвэл зүгээр л дүр төрхийг нь дуурайгаад хувцаслачихаж байна. Зарим нэг үг хэллэг, донж маягийг нь хуулж өөртөө наачихсан найгаж л байна. Уг нь утга зохиолоор дамжуулаад хүмүүст шинэ мэдрэмж, шинэ бодол санаа, оюун санааны гоо үзэсгэлэн, эрх чөлөөг л нээж өгдөг гэж боддог. Гэвч бидний мэддэг ихэнх зохиолч, яруу найрагчид гол зорилгоо огт ойлгоогүй л явж байна. Тийм зүйлийг утга зохиолын хөгжил цэцэглэлтийн төлөө оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож байгаа хүмүүсийн тухайд бол би хуруугаа ч хөдөлгөдөггүй гэж хэлж болно.

-Утга зохиолд нэг тийм өрсөлдөөн, өөр хоорондоо бие биенээ доош нь дарах гэсэн байдал илт харагддаг. Танд мэдрэгддэг үү?
-Мэдрэгдэлгүй яахав. Эхлээд намайг дурсахыг ч хүсдэггүй хүн их байсан. Аль болох мартсан царайлах, чимээгүйхэн дарах, утга зохиолын нэршлүүд дундаас минийхийг зориудаар авч хаях гэх мэт. Харин одоо бол аль болох сөрөг талаас нь олон ярьж, үйлдлүүдийг минь буруутгах оролдлого их гардаг болжээ. Тэр ч бүү хэл өөрийнхөө удирдлага доор олон залуучуудыг дугуйлан нэрээр бүрдүүлж, бүгдийг нь миний эсрэг турхирч, багаас нь бэлдэж гаргаж байна гээд бод доо. Ер нь ажаад байхад эрчүүд л голцуу ийм явдлыг хөөрөгдөж, өөрсдийнхөө хэр чадлаар хийж бүтээж байгаа бүсгүйчүүдийг дорд үзэх гэж хичээдгийг ажигласан. Би нэг л зүйлийг ойлгодоггүй юм. Эмэгтэй хүнтэй бөх барилдах гээд байгаа эрчүүдийг. Энэ чинь өнөө л эцгийн эрхт ёсныхоо тэг дөрвөлжин хайрцаг дотор биднийг барих гэсэн улирч баларсан заншлын л улбаа яваад байгаа хэрэг. Дуртай нь хүрч ирээд барьж аваад дарж унагаад хүчирхийлчихдэг мал адгуусны харилцааг хэлээд байна л даа. Тэгүүлээгүйнхээ төлөө, тэрнийг эсэргүүцсэнийхээ төлөө би буруутан болж үлдэх нь шударга явдал гэж үү? Би эмэгтэй хүн болохоор дутуу бодож, эмэгтэй учраас л даруу төлөвхөнөөр харцаа нуун амьдрах ёстой юм байна л даа. Гэхдээ надад тэднээс илүү ихийг хийж байж хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх хувь тавилан оногдсон бол би хүлээж авах нь зүй. Хүлээн авч ч байгаа гэж бодож байна.

-Таны номнуудын эргэн тойронд үргэлж сонин сайхан үйл явдал болж байдаг. Жишээ нь дэлхийг тойрон аялсан номыг чинь их олон хүн уншсан гэж байсан? Бас цахим дуудлага худалдаагаар нэг ширхэг ном чинь 200 доллараар үнэлэгдэж зарагдаж байсан гэсэн мэдээлэл байна?

-“Диваажингийн хоригдлууд” түүвэр маань “Билэг” номын дэлгүүрийн санаачилгаар эхлээд Улаанбаатарт нэлээд олон уншигчдын гар дамжин уншигдсан. Тэр чимээнээр гадаадад байгаа монголчууд хүсэлт тавьсан юм. “Өөрсдийн гар дээр тэрхүү аялагч номыг авч уншмаар байна” гэж. Тэгээд л Америк, Япон, Герман, Солонгос, Швейцарь, Швед, Австри зэрэг орнуудад амьдарч байгаа монголчууд ганцхан ширхэг номыг гараас гартаа дамжуулан уншсан юм. Сонин тохиолдол шүү, би үргэлж баяртай байдаг. Тэр аялалаас эргэн ирэхдээ ном маань маш олон хүний сэтгэлийн үгийг авч ирсэн дээ. Цахим дуудлага худалдааны тухайд бол мөн л цахим хуудсаар минь байнга зочилж, хэдэн өгүүллэгийг минь уншдаг байсан хүмүүсийн санаачилгаар хийгдсэн ажил. Тэр үед ч уншигчдын зүгээс надад маш их гэнэтийн бэлгийг барьж байсан шүү. Тэд намайг номоо хэвлүүлээрэй гээд мөнгө хүртэл цуглуулсан байсан. Өмнө нь би хэн нэгний өвчнийг эдгээхээр хүмүүсээс хандив гуйж байснаас биш хэзээ нэгэн цагт тэгж өөртөө хандив цуглуулна чинээ бодож байгаагүй. Үнэхээр чин сэтгэл, бүтээл унших гэж яарсан хүсэл харагдаж байгаа биз? Тэгэхээр ийм уншигчдын өмнө зүгээр л нэг гараа эвхээд суугаад байх боломжгүй болж таарч байгаа юм.

-Сониноос та шүлэг бичдэг үү?

-Үгүй.

-Тэгвэл та тэр олон дууны үгийг яаж бичсэн юм бэ? Дуучин Ариунаагийн дуулсан “Охин минь битгий уйл”, “Ээждээ би хайртай” жүжгийн дуу байна. Хамгийн сүүлд л гэхэд “Би эр хүнд хайртай” дууны үгийг бичсэн байсан? Энэ дуу хит болж, залуучуудын амнаас салахаа байж?
-Зүгээр л дууны үг бичдэг юм.

-Энэ хоёрын хооронд ялгаа байдаг гэж үү?
-Маш их ялгаа бий. Энэ талаар ярина гэвэл их цаг орно. Тэгээд ч яруу найрагчид гэж хүмүүс байгаа болохоор би хошуу нэмэрлэж төвөг удаад яахав дээ. Ер нь бол шүлэг бичнэ, яруу найраг бүтээнэ гэдэг асар өөр зүйл.

-Та чинь их бардам хүн шүү дээ. “Хүн хийж болоод байгаа юмыг би яагаад хийж болохгүй гэж” гэсэн адруу зөрүүд чанар таниас харагдаад байдаг?

-Бардам байлаа гээд чадахгүй, хүсэхгүй зүйлээрээ оролдоод байж бас болохгүй л дээ. Хүн гэдэг өөрийнхөө хэмжээг мэдэж дуугарч байх хэрэгтэй бодож байна. Ямар ч байсан би бол яруу найргийн хүн биш. Гэхдээ хийж чадмаар санагдаад байгаа зүйлээ барьж аваад ард нь гарч чадах хангалттай зориг надад бий.

-Таныг аялалд явах дуртай, бас зураг авах сонирхолтой гэдгийг цахим хуудаснаас чинь олж мэдсэн. Энэ жил хаашаа аялах гэж байна даа?

-Өнгөрсөн жил төвийн аймгуудаар аялсан. Энэ жил баруун зүг рүү гэр бүлээрээ аялах төлөвлөгөөтэй байгаа.

-Аялаад явж байхад хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн эвдрэл сүйдэл их ажиглагддаг уу?

-Тэгэлгүй яахав. Хэтэрхий бүр арай дэндүү хүнлэг бишээр хүмүүс байгальтай харилцаж байна. Өнгөрсөн зун Улаан цутгаланг чиглээд явж байхдаа час улаан голд таван дэгдээхийгээ дагуулсан хос хун хөвж байхыг хараад их цочирдсон. Яг л цусан голд хөвж яваа өнчин сүрэг шиг санагдсан. Тэр гол яагаад улаан байгааг нутгийнхнаас асуухад эхлэл дээр нь алт угаадаг газар байдаг гэж хариулж байсан. Тэр ч бүү хэл бидний бахархал болсон Улаан цутгалангийн их хүрхрээ маань саван дотроо улаанаараа эргэлдэж байна билээ. Хүмүүс алтны төлөө, мөнгөний төлөө яаж тийм муухай зүйл хийж чадаад байгааг ойлгохгүй байна. Алтны судлыг ухна гэдэг хүнээр бол гол судсуудыг нь тас татаад байна гэсэн үг шүү дээ. Энэ харгислалынх нь хариуг байгаль тун удахгүй өөрийнх нь амьдрал, үр удамд өгнө гэдгийг тэд мэрсээр хэрнээ ийм муухайгаар улайран зүтгэсээр байх юм. Нэг хүнээр жишээлээд яръя л даа. Тэр хүн амьдарч байгаа газрынхаа ганц өндөрлөг хайрхан болсон уулынхаа бүх модыг хядаж, түүнийг арилжаалан зарж баяжсан этгээд. Баяжаад зогсохгүй сүүлдээ том дарга ч болсон. Ингээд бүх зүйл нь сайн сайхан болчихсон мэт харагдсан хэрнээ нэг л өдөр ил цагаан зам дээр машинтайгаа осолдож муухайгаар зэрэмдэглүүлсэн. Гэр бүлийнхэнтэйгээ, бас гэрийнхээ даасан ламтай явж байсан гэж дуулсан юм байна. Гэр бүлийнхэн нь ламтайгаа газар дээрээ нас нөгчиж, өөрөө харин эрэмдэг муухай царайтай хүн арай гэж амьд үлдсэн. Энэ бол байгаль эхээ сүйтгэснийх нь хариуд лус савдагийнх нь өгч байгаа сануулга. Тэр хүнийг нүгэлээ наминчилж, эвдсэнээ эргэж сэргээх боломжийг байгаль ээж өгсөн гэж би хувьдаа боддог. Бид чинь өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Тэр биднийг яг л ээж шиг минь байгаа бүхнээрээ дайлж байхад хүмүүс илүү гүнд шунаж, ээжийнхээ зүрхийг суга татахаар улайрч байгаа махчин мэт л авирлаж байна. Үнэхээр харамсалтай.

-Та алт зүүдэг үү?
-Үгүй.

-Ер нь эмэгтэй хүнийхээ хувьд гоёл чимэглэлд дуртай юу?
-Мэдээж дуртай. Гэхдээ алт, мөнгө, үнэт чулууг нэг их хэрэглээд байдаггүй. Найз нөхдийн бэлэглэсэн гоёл чимэглэлүүд байдаг ч тэр болгон зүүдэггүй. Хөнгөн, дэгжин, гялалзсан зүүлт чимэглэлд дуртай. Ихэнхдээ гараар урласан энгийн гоёлуудыг хувцсандаа тохируулан хэрэглэдэг.

-Хэн нэг нь таныг дорд үзэх ч юм уу, эсвэл олны өмнө гутаан доромжлохыг оролдох тохиолдол гарвал та яах вэ? Уучлаарай, зүгээр л сонирхож асууж байгаа юм шүү.
-Инээв.

-Би таныг оновчтой, бас хорон үгээр хариуг нь барих байх гэж бодож байлаа?
-Инээмсэглэл бол хамгаалалт. Асар их энергийг ялгаруулж байдаг, маш сайн хамгаалалтын бүрхүүл. Тэр утгаараа би уулзсан бүхэнтэйгээ инээмсэглэж мэндэлдэг. Тэр инээмсэглэлийг угтан авч байгаа хүнд ч ээлтэй мэдээлэл дамжуулдаг. Тийм учраас бодолд дарагдсан, шаналсан царайгаа хүнд харуулах дургүй.

-Нээрээ “Тэгэхэд би инээж байсан уу? Тэр чинь худлаа, цаанаа их ууртай байгаа нь тэр” гэж өөрийнхөө тухай бичсэн байсныг сая саналаа. Таныг би бардам, омголон, гал цогтой хэрнээ уян зөөлөн бас шударга, хөгжилтэй хүн гэж боддог. Харин энэ удаад нэлээд огцом хурц ярилцлага гарчих шиг боллоо?
-Харин тэглээ. Гэхдээ чиний асуултууд их эгдүүтэй байлаа.

-Та өөрийгөө ямархуу зан араншинтай хүн гэж боддог вэ?
-Би арслангийн ордонд төрсөн.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж