Матрын аяны маапаан | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

"Атрын III аян"-ы магтууг сонсч, залуудаа атар газар эзэмшихээр эвлэлийн илгээлт өвөртлөн улаан дарцаг намируулан мордож байсан шигээ сэтгэл нь хөдөлж, самсаа нь шархирч байсан тариаланчид өнөөдөр ургацаа хувийн компаниудад зарчих минь яалаа гэж матрын нулимс унагаж байна. Тариаланчдаа дэмжиж байгаа нь энэ хэмээн өндөр үнээр буудай худалдаж авна гэж худлаа баахан шоудчихаад цагаа тулахаар үнийг нь навс унагасан мөртлөө ядаж байхад тэр мөнгөө ч өгөхгүй тариаланчдыг чангалж байх юм, нөгөө "Атрын III аян"-ыг санаачлагч төр нь. Халуун намраар ургацаа тушаасан тариаланчид өнөөдөр ч зарим нь мөнгөө авч чадаагүй, хавар айсуй, тариалалт эхлэх гээд байхад өмнөх жилийнхээ өрийг ч төлөөгүй байж байна. Аргаа барсан тариаланчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа жагсан, дарга нартай нүүр тулж уулзахад цагаан сарын өмнө тал хагасыг нь ч гэсэн барагдуулна гэсэн амлалт өгөөд буцаасан. Тэгвэл өнөөдөр ч тариаланчид мөнгөө аваагүй хэвээр, эврийг чинь найранд зүүчихээд эргүүлээд өгье гэж хуурсан бугыг тэмээ худаг дээр хүлээн зогсдог шиг төр засгийнхаа гар тэнийхийг хүлээн сууж байна.
Яам тамгынхнаас асуухаар зарим нь “өгчихсөн” гэж, зарим нь 70 хувийг нь бараг олгочихсон л байх ёстой доо гэж ам нь зөрөн мэдэн будилж байгаа бол тариаланчид мөнгөө авч чадахгүй байгаагаа учирлах юм. Тэд энэ жилийн үрийн буудайгаа бэлтгэх, трактор машинаа сэлбэхээс эхлээд хийх ажил их. Зарим нь буудайныхаа мөнгийг авахаар сургалтын төлбөрийг нь төлнө гээд оюутан хүүхэд нь хагас жил гаруй бултганаж хичээлдээ суусан ч, хагас жилийн шалгалтаа өгч чадалгүй, жилийн чөлөө өвөртлөөд уйлаад нутаг буцсан нь ч бий.
Уг нь тариаланчид малчид шиг элгэвч нэмнээ, тусламж нэхээд байгаа хэрэг биш. Ердөө л авах ёстой мөнгөө л хүлээж байгаа. Гэтэл тариаланчдаа дэмжинэ гэж амлаад байсан төр нь харин гуйгаагүй байхад дундуур нь орж ирэн хамаг зах зээлийг нь бужигнуулчихаад одоо хөөгөөд ч дийлэмгүй гай болоод байна. Уг нь төр сандаа улаан буудай худалдан авна гээгүйсэн бол тариаланчид гайгүй чанартайгаа гурилын үйлдвэр, муу шигээ спиртийн үйлдвэр, малын тэжээлд нийлүүлчих л байсан байх. Гэтэд төр өндөр үнээр буудай авна гэсэн амлалт өгснөөс болж тариаланчид буудайгаа хувийн үйлдвэрүүдэд зарахгүй гэдийж, улаан буудайн жижигхэн зах зээлийг хямраагаад авсан. Гурилын үйлдвэрүүд ч яах вэ, гадаадаас чанартай буудай оруулаад ирсэн. Харин өндөр үнээр төрд буудайгаа шахна гэж хөөрсөн тариаланчид өнөөдөр нулимс дуслуулан цөхөрч сууна. Гай болохоор зай болооч гээд хэлчихмээр байгаа биз. Үүнээс гадна тариаланчдад ч бас “но“ бий. Тэр бол мэдээж буудайн чанарын асуудал. Гурилын үйлдвэрийн шаардлагыг хангахгүй буудайгаа Буудайн санд шахахыг хэн хүнгүй хүсдэг. Манайхны буудайны чанар ч хангалтгүй. Хэнд ч хэрэг боломгүй ийм хог төр л тэнэг болохоороо худалдаж авах юм биз дээ. Дараа нь буудай чанарын шаардлага хангахгүй гэж баахан гонгиноно. Үндсэндээ төрийн өөрөөр хэлбэл татварын мөнгөөр баахан хог бэлтгэж байна л гэсэн үг. Үүнд тариаланчдыг буруутгах ч бас хэцүү. Хэзээнээсээ хойш төрийн юм үнэгүй гэдэг. Дээрээс нь төрд чанаргүй бараа шахаж болно гэсэн ойлголт, боломжийг бий болгосон төрийн өөрийнх нь хохь юм.
Ер нь л хэзээнээсээ Буудайн санд дандаа л чанаргүй буудайгаа тушаадаг “туршлагатай”. Энэ жил ч бүр хэтийдэж, тарьсан болгоныг төр худалдаж авна гэсэн болохоор яруу алдарт тариаланчид маань юу хамаагүй тарихаа л шахсан.
Үүнийг ч гүйцэтгэх засаглалынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаагаа илэрхийлж, “Энэ жил тоотой хөөцөлдлөө. Дараа жил ургацын чанартай “ярина аа” гэж байгаа. "Хатуухан хэлэхэд “ашгүй” зуд болж, ад болоод байсан муу буудайг нь малын тэжээл рүү далдруулж өгч байгаа юм биз дээ.
Хэрвээ Засгийн газар үнэхээр л газар тариалангаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол үндсийн үндэс болсон үрийн бодлогоо цэгцлэх байлаа. Шилжилтийн үед ширвэгдсэн газар тариалангийн салбарт сайн үр хамгийн чухал асуудал болоод байгаа. Стандарт шаардлагаа цэгцлэн дээд зэргийн чанартай сайн үр бэлтгээд өгчихөд л "Атрын III аян"-ыг хэрэгжүүлсний дайтай том олз, тус болох байлаа, тариаланчдад. Мэдээж хэрэг, энэ бол үнэгүй үр тариа гэсэн үг биш. Сайхан үр хайж олоход хэцүү болж гэж гасалж байгаа тариачдад шилдэг сортын үрийг нь “дөхүүлээд” өгчих, тэд өөрсдийнхөө мөнгөөр худалдаад авчихна аа гэсэн санаа шүү дээ.
Уг нь юмыг ном дүрмээр хийдэг хүмүүс бол алаагүй баавгайн арьсыг булаацалдахын адилаар болсон болоогүй хөрс эргүүлж, үр цацаж хаячихаад тэнгэр хангай ивээх байлгүй дээ гэх маягийн юм ярьж суух биш, үрийн бодлогоо цэгцлэх байсан. Хэчнээн дуу хадааж, уриа цууриатуулаад ч муу үрээр тариалах ахул, цаг хугацаа хүч хөдөлмөрийн гарлага болох нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл ингэж чанаргүй буудай төсвийн мөнгөөр худалдаж авна гэж зах зээлийг хямрааж, авсан хойноо гахай, шувууны хоол болгож, мөрөөрөө төсвийн мөнгийг зарлагадахгүй тариаланчдад төлөх ёстой ацгаа өгөхгүй унжиж давхар давхар хорлож байх ч гэж… Эсвэл энэ балиар “бантан” нь атрын аяныг матрын аян болгохоор зориуд зохион байгуулж байгаа ажил юм болов уу?

А.АЛТАНТУЯА
2010 оны 2 сарын 19

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж