18 коллеж, 60 гаруй МСҮТ нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

18 коллеж, 60 гаруй МСҮТ нээлтээ хийлээ

Есдүгээр сарын 1-ний энэ өдөр Хөдөлмөрийн яамны харьяа 18 коллеж, 60 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж оюутан суралцагчдаа хүлээж авлаа. Хөдөлмөрийн яамнаас баталснаар 2014-2015 оны хичээлийн шинэ жилд дээрх сургуулиудад 26 мянга гаруй оюутан сурагч суралцана.

“Дэлхийд үнэлэгдэх монгол ур чадвар” уриан дор мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхээр зорилго тавьсан дээрх сургуулиудын нэг болох Дархан-Уул аймгийн Уул уурхай эрчим хүч политехникийн коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцлоо. Эдүгээ 1000 гаруй оюутантай тус коллежийн 470 орчим нь энэ жил шинээр элссэн оюутнууд аж. Уул уурхайн салбарт ажиллах нарийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргадгаараа тус сургууль онцлогтой. Мөн Дархан-Уул аймаг нь үйлдвэрлэлийн бүс болохоор төлөвлөгдсөн учраас мэргэжилтэй ажилтны хэрэгцээ ч өсөн нэмэгдэх тул салбарын яамнаас нь анхаарч, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх замаар бэлтгэл хангаж эхэлжээ.

Тус сургуульд элсэгчид үйлдвэрийн цахилгаанчин, гагнуурчин, геологийн техникч, уурхайн техникч, уулын ажлын техникч, баяжуулахын техникч, аюулгүйн ажиллагааны техникч, хөвүүлэн баяжуулахын оператор, газрын тосны техникч зэрэг 10 гаруй мэргэжлээс сонголтоо хийн суралцдаг байна.

Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа салбар бол уул уурхай. Тэгвэл тус салбарыг сонгон шинээр оюутан болсон залуус, мөн тус сургуульд анги дэвшин суралцаж байгаа оюутнуудад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сурлагын амжилт хүсч, чадварлаг мэргэжилтэй ажилтан болж, төгсч гарахыг хүслээ. Тэрээр Дархан-Уул аймаг дахь Политехникийн дээд сургуульд баяжуулагч мэргэжлээр элсэн төгсч байжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж