Австрали уул уурхайн татвараа буурууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Австрали уул уурхайн татвараа буурууллаа

Австралийн Засгийн газар уул уурхайн компаниудад оноохоор төлөвлөж байсан маргаантай татварын төлөвлөгөөгөө эргэн харах шийдвэр гаргасан байна. Австралийн Ерөнхий сайд Кевин Радд уурхайн компаниудад 40 хувийн ашгийн татвар оноох шийд гаргасан байсан юм. Харин түүний залгамжлагч Жулиа Гиллард уурхайн салбарынхантай хийсэн хэлэлцээрээр уг татварын хэмжээг нүүрс болон төмрийн уурхайнуудад 30 хувь гэж бууруулж тогтоохоор болсон байна. Харин байгалийн хий, нефьтийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд өмнө нь байсан 40 хувийн татварыг төлсөн хэвээрээ байх болно гэж Засгийн газар шийдвэрлэжээ. Түүнчлэн 40 хувийн татвар дан ганц далайн эрэг орчим бус эх газар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч хамаардаг болсон байна. Харин жилд 50 сая австрали доллараас бага орлоготой төмрийн болон нүүрсний уурхайнууд шинэ татвараас чөлөөлөгдөхөөр болжээ.

Хэдийгээр ийнхүү уул уурхайн салбарынхны зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулаад байсан 40 хувийн татварыг бууруулсан ч Засгийн газарт олон тэрбум ам.долларын нэмэлт орлого орох болно гэж үзэж байна. Энэ оны эхээр ноён Радд татварын төлөвлөгөөгөө зарлахдаа 40 хувийн татвар ноогдуулснаар жилд 9 тэрбум австрали долларын орлого нэмж олно гэж ярьж байсан. Шинэчлэн өөрчилсөн төлөвлөгөө түүнээс 1.5 тэрбумаар бага оруулах болно гэж Австралийн Засгийн газрын эдийн засагчид тооцоолж байна. Уул уурхайн гүйцэтгэх захирлууд энэ шийдвэрийг “нааштай үр дүн” гэж хүлээж авч байна. Экс ерөнхий сайд Раддыг 40 хувийн татварын төлөвлөгөөгөө зарласны дараа уул уурхайн нүсэр том “BHP Billiton”, “Rio Tinto” зэрэг компаниуд экс сайдын эсрэг хүчтэй лобби хийж эхэлсэн бөгөөд хэт өндөр татвар авах нь эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлэх болно гэж анхааруулж байсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж