Тавурвур галт уул дэлбэрлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Тавурвур галт уул дэлбэрлээ

Фото: Oliver Bluett / AFP / East News

 

30.08.2014. Папуа — Шинэ Гвиней. Шинэ Британи арлын Тавурвур галт уул наймдугаар сарын 29-ний өглөөнөөс агаарт үнс, чулуу шидлэн, дэлбэрч эхэлсэн байна. Эрх баригчид тэр хавийн оршин суугчдыг нүүлгэх арга хэмжээ авсан бөгөөд Сидней-Токио, Сидней-Шанхайн нислэгийн чиглэлийг өөрчилжээ. Өмнө нь Тавурвурыг 1994 онд дэлбэрсний дараа Рабаул хотыг өөр газар нутагт шилжүүлж, шинээр босгосон ажээ.

 

Тавурвур нь давхрагат, агаар мандлын галт уул гэгдэх ба царцсан хүрмэн чулуунаас бүтдэг гэнэ. Ийм галт уул нь өндөр шовх хэлбэртэй бөгөөд дэлбэрэлт нь маш хүчтэй явагддаг байна. Ийм галт уулын хайлмаг нь хийг гадагшлуулахгүй хүчтэй шахалтад байлгаж чаддаг ажээ. Түүний хайлмаг зунгааралдсан өтгөн учир хол урсахгүй, байрандаа амархан царцдаг гэнэ. Харин хаягдаж байгаа утаа үнс нь амьтан хүнд хортой, онгоцны хөдөлгүүрт халтай. Мөн ийм галт уулнаас янз бүрийн хэмжээний чулуу 20 км хүртэлх зайд хүчтэй шиддэгддэг байна. Тавурвурын тогоо нь 8-14 км хүртэлх голчтойгоор VI зууны үед үүсчээ. Түүний дэлбэрэлтийн дараа сүүлийн 2000 жилийн 535–536 онуудын их хүйтрэл үүссэн гэх таамаглал байдаг аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж