Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Оюун, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэцогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдолтой тэмцэх ажил Ерөнхий сайдын харьяанд ирсэн юм.
Улаанбаатар хотын хэмжээнд 190 мянга орчим өрх нүүрс түлдэг байна. Хөнгөлөлттэй үнээр утаа бага гаргадаг зуух тарааснаар хүхэрлэгийн хэмжээ 2011 оныхоос 2013 онд 40 хувиар буурсан үзүүлэлт гарсныг сайд хэллээ. Гэхдээ тараасан зуухны дөрөвний нэг нь ашиглагдахгүй байна гэсэн дүн мэдээ гарч буй аж. Энэ нь нэг бол зуухыг бусдад дамлан худалдсан, эс бөгөөс зуух нь эвдэрч, ашиглах боломжгүй болсонтой холбоотой юм байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 157 мянган өрхөд зуух тараажээ. Ингэхдээ 90 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр зуух олгож байсан. Харин энэ намраас эхэлж хэнийх хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа ашиглаж байгаа, ашиглахгүй байна вэ гэдэг судалгааг нарийвчлан гаргана. Ингээд бусдад зуухаа дамлан худалдсан нөхцөлд торгуулийн арга хэмжээ авах гэнэ.
Мөн үлдсэн 20 мянга гаруй айлыг зуухаар хангах ажлыг эхлүүлнэ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд 90 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр зуухыг айлуудад нийлүүлж байсан бол энэ жилийн тухайд 60 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр зуухыг нийлүүлэх аж. Цаашид хотын зүгээс тавих хяналт ч чангарах гэнэ. Зуухыг нь хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, мөн түлшээр хангах ажлыг хэрэгжүүлж байхад үүргээ биелүүлэлгүй, зуухыг бусдад дамлан худалдах, эсвэл түүнийг ашиглахгүй байгаа өрхийн цахилгааныг таслах хүртэл арга хэмжээ авна гэж хотын зүгээс мэдэгдлээ.
Хатуухан арга хэмжээ авахгүй бол нийт агаарын бохирдлын 80 орчим хувь нь зөвхөн гэр хорооллын яндангаас ялгарч байгаа хорт утаа эзэлдэг ажээ.
Г.НАРАН