Монголын оюун ухааны академийн тамирчид Энэтхэгийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүлжээ.
Энэтхэгийн Мумбай хотод наймдугаар сарын 31-ны өдөр болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг таван улсын 80 орчим тамирчид харааны болон сонсголын ой тогтоолт шалгарсан арван төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээнд Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар гурван тамирчныхаа оролцож, 30 медалаас 9-г нь хүртжээ. Мөн дунд насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн дүнгээр тэргүүлсэн байна.
Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүллээ. Тэрээр “Хөзөр” цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Өнгөрсөн жил Лондонд болсон Дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай З.Цэцэгзулын хувьд хоёр хүрэл медаль хүртэж, хувийн дүнгээр тавдугаар байрт шалгарч, дунд насны ангилалд дэд байрыг эзэллээ.
Саяхан болсон Филиппиний тэмцээний аварга 16 настай Т.Энхжин нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн “Хоёртын тоолол” төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр урьд өмнө З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоолоо.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд гуравт бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, Олон улсын их мастер Jonas von ESSEN оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгосон ба тэрээр нийлбэр оноогоор тэргүүлж, цом хүртлээ.
Монголын тамирчдыг олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргахад байнга тусалж байдаг академийг дэмжсэн хамт олон болон тамирчдын ар гэрийнхэнд мөн Төрийн банкны хамт олонд талархаж буйгаа Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар өгүүлжээ.
Дашрамд, Монголын оюун ухааны академийн тамирчдыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд болох Хонгконгт болох олон улсын тэмцээн хүлээж байна. Тус тэмцээнд тус академийн арван тамирчин оролцох аж.
Ч.БОЛ