Эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.31-нд нийтлэгдсэн

Эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа

-Эмэгтэй баг "D" хэсгийн аваргын төлөө Кубын багийг ялж, хагас шигшээд шалгарлаа-

Гэрэл зургийг МЖБХ-ноос ирүүлэв

 

ОХУ-ын Челябинск хотын "Traktor Ice Arena"-нд болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байна.

Манай эмэгтэй баг "D" хэсгийн аваргын төлөө Кубын бүсгүйчүүдийг 3:2-ийн харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарлаа.

Багийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас манай эрэгтэй баг "В" хэсэгт, эмэгтэй баг "D" хэсэгт багтсан юм. Монголын эрэгтэй баг Японы хүчирхэг багтай эхний өрсөлдөөнд таарч, 0:5-ийн харьцаагаар ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

Харин эмэгтэй багийн хувьд эхний тойрогт Казахстаны багийг 4:1-ийн харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарч, улмаар БНХАУ-ын бүсгүйчүүдийг 4:1-ээр хожсон Кубын багийг ялж, хагас шигшээд шалгарлаа. Өнгөрсөн жил Бразилийн Рио де Жанейро хотноо болсон дэлхийн аваргын багийн төрөлд манай эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогтоо Кубын багт 2:3-ийн харьцаатай ялагдаж байсан бол энэ жил хэсгийн аваргын барилдаанд итгэл төгс яллаа.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүсгүйчүүд мөнгөн медалийн төлөө ОХУ-ын багийг хожсон Польшийн багтай барилдана. Польшийн багийн хувьд энэ жилийн дэлхийн аваргаас нэг  хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн -70 кг-д Катарзуна Клус медалийн тавцанд зогсжээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтаж байна.

Ч.БОЛ

Фотог МЖБХ-ноос ирүүлэв.

 

 


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж