Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр Арабын нэгдсэн Эмират Улсын бөх Иван Ремаренкод цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгараад байсан. Шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Арабын нэгдсэн Эмиратын бөх Иван Ремаренкотой барилдсан ч эхний минутад цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Ийнхүү өнөөдөр дэвжээнд гарсан Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ. Челябинскийн татамид зодоглосон манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-д Г.Болдбаатар алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Тэмцээний хуваарийн дагуу маргааш буюу наймдугаар сарын 31-нд багийн төрлийн тэмцээн явагдаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
Тэмцээний таван өдрийн дараах байдлаар 23 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Япон улс дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол Франц (1+1+3), Гүрж (1+0+), Бразил (1+0+1), Монгол улс (1+0+0) удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 9-р байрт бичигдэж байна.
Ч.БОЛОР