Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Н.Түвшинбаяр Казахстаны Максим Раковийг юко үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Хоёр бөхийн барилдааны үндсэн цаг адил хоёр торгуулиар өндөрлөж, алтан онооны барилдаанд Н.Түвшинбаяр юко үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раков нарын хувьд эхний тойрогтоо гоц мөргөөд байсан бөгөөд энэ барилдаанд ялснаар манай бөх шөвгийн 16-д шалгарлаа.
Хоёр бөх өмнө нь дөрвөн удаа барилдаж, ялалт, ялагдлын харьцаа тэнцээд байсан бол ийнхүү Н.Түвшинбаяр аварга тав дахь "тулаан"-нд ялж, гурав дахиа Максим Раковыг хожлоо.
Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Арабын нэгдсэн Эмиратын бөх Иван Ремаренкотой барилдана. Түүнийг ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө барилдах юм.