ОХУ-ын Челябинск хотод үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр (08.29) эмэгтэйчүүдийн – 78 кг-д барилдсан ОУХМ Б.Мөнхтуяагийн ОХУ-ын бөхтэй хийсэн барилдааныг шүүгч алдаатай шүүсэн гэж өчигдөр цахим ертөнцөд бичиж байсан.
Энэхүү барилдааны талаар Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат хэлэхдээ: "Эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа эхний тойрогт хийлж, удаах тойрогт Унгарын бөх Жоо Абигелийг базари үнэлгээгээр ялсан. Тэрээр шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Алина Качоровскаяатай барилдаж, нэг торгуулийн зөрүүгээр ялагдсан. Манай бөх эхнээсээ дуустал маш сайн барилдсан. Мэдээж олон хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нутгийн бөхтэй барилдана гэдэг хэцүү. Гэхдээ Б.Мөнхтуяа маш сайн барилдсан. Бид барилдааны шүүлтийн талаар гомдол гаргасан. Барилдааны сүүлийн нэг минутын бичлэгийг шүүгчид дахин дахин үзсэн. Тэдний хувьд Б.Мөнхтуяад оноо өгөх, өгөхгүй тал дээр хоёр хуваагдсан. Эцэст нь шүүгч саналаа гаргаж, оноо өгөөгүй юм. Бид гомдол гаргасан ч Ерөнхий шүүгч болон шүүгчдийн зөвлөл энэ асуудалд оноо байхгүй гэж үзсэн." гэв.
Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн – 78 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Мөнхтуяагийн хувьд эхний тойрогт хийлж, Унгарын бөх Жоо Абигелийг базари үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгарсан. Хэсгийн аваргын төлөө барилдах эрхийн төлөө ОХУ-ын Алина Качоровскаяатай барилдсан ч торгуулиар ялагдсан юм.
Ч.БОЛ