Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг багцалбал ихэнх нь нийтийн тээврийн салбарт туршилтаар хэрэгжүүлж байгаа шинэ үйлчилгээтэй холбогджээ. Нийслэлийн Тээврийн газраас зорчигч 500 төгрөгийн тасалбар худалдан авсан тохиолдолд өдрийн турш хэчнээн ч автобусаар зорчсон дахин тасалбар авахгүй байх шинэ үйлчилгээг 10 хоногийн хугацаатай туршиж байгаа юм. Туршилтын эцсийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Тэгвэл дээрх үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлтийг 11-11 төвд хандсан иргэд хэлжээ. Тухайлбал, №1408297788 дугаараар холбогдсон зочин “Автобусны шинэ чиглэлийн талаар миний хувьд маш их дэмжиж байгаа. Гэвч автобусны жолооч, кондукторууд өөрсдийн хувийн ашиг сонирхолын үүднээс иргэдийг чирэгдүүлж буруу ухуулга хийж байна. Өчигдөр автобус хүлээгээд вокзалын автобусны буудал дээр нэлээд зогслоо “Толгойт- вокзал- амгалан” чиглэлийн автобусны жолооч нар буудал дээрээ зогсохгүй шууд алгасаад явах зэргээр чирэгдүүлж байна.
№1408292585 Нийтийн тээврийн үйлчилгээг ойрын эргэлтээр явахыг дэмжиж байна.
№1408296556 Нийтийн тээврийн чиглэлийг билет зарж байгаа хүмүүсээс асуухаар “Мэдэхгүй” гээд иргэдийг чирэгдүүлж байна. Иймэрхүү асуудлаа иргэддээ түгээж ойлгуулахгүй шууд хийхээр ажил чинь унаад байна. Уг нь зүгээр санаа байна.
№1408293395 Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг дэмжиж байна. Үүнийг цаашид хэрэгжүүлж өгнө үү.
№1408299529 Автобусны компаниуд, жолооч нар хариуцлагатай хандвал нийтийн тээврийн шинэ үйлчилгээ ард бидний сэтгэлд нийцэж байна. Нийслэлийн удирдлагадаа баярлалаа гэсэн байна.
Мөн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой асуулт түгээмэл ирсэн байгаа юм. Энэ тухай болон бусад санал хүсэлтийг сийрүүллээ.
№1408296762 Орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж зээл авч байсан. Сая Төрийн банкнаас залгаж манай гэрийн хүний 2 сая төгрөгийн зээлийг яаралтай төлж дуусгахгүй бол Орон сууцны ипотекийн зээлийг өсгөлөө гэж байна. Энэ ямар учиртай вэ? Хичээл сургууль эхэлж байхад утсаар ийм мэдэгдэл хийж байгаад гомдолтой байна.
№1408292201 Автомашиныг нэг, нэг өдрөөр сондгой тэгшээр нь явуулах нь замын хөдөлгөөний ачааллыг багасгаад их зүгээр байна. Мөн автобусны шинэ үйлчилгээг цаашид энэ хэвээр байлгахыг дэмжиж байна.
№1408299044 “Ургах наран” хороололд өнөөдөр өглөөнөөс тог тасаллаа. Орон сууцны контор нь Улаанбаатар цахилгаан станцад өртэй тул цахилгааныг хариуцуулж өгөхгүй байгаагаас болж ард иргэд хохирч байна. Энэ талаар арга хэмжээ авч өгнө үү.
№1408296334 Машины дугаарын хязгаарлалт Яармагийн 1-р буудлаас Яармагийн эцэс хүртэл үйлчилж байгаад гомдолтой байна. Хүүхдийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлээд буцаж явахад торголоо. Үүнийг болиулж өгнө үү. Хотын захын чөлөөтэй замд яагаад ингэж иргэдийг торгож байна вэ?
№1408295596 Төсвийн байгууллагуудын цалин сар бүрийн 25-нд буух ёстой боловч цагтаа буухгүй 2-5 хоногоор хойш буух тохиолдол их байна. Гэтэл эрчим хүчний газар нь 25-наас хойш хоцроосон айлуудын тогийг шууд тасдах шинэ журам баримталсан гээд иргэдийг хохироож байна. Цалингаа буусан даруйд нь мөнгөө аваачиж тушаагаад орой ажлаасаа ирэхэд тог тасдчихсан.
№1408285281 Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод жолооч нар хөдөө орон нутгаас ирж явуулын маягаар хайлш, төмөр олборлож, хилээр гаргадаг. Гэтэл гаалийн байцаагч нар нь биднийг хэдэн хоногоор саатуулж, олсон бага зэргийн хэдэн хайлш, төмрийг минь хурааж авч торгоод орлого олох ямар ч боломж олгохгүй хэцүү байна. Ийм энэ талыг анхаарч ажиллаж тусална.
Г.БОЛОР